-Миний хувьд залуу шатарчидтай яриа өрнүүлж байснаас биш, ахмадуудтай хөөрөлдсөн нь ховор. Монголын шатрын залуу зүтгэлтэн Г.Харуулбаатар таныг “нэрт шатарчин” хэмээн бичсэн нь сонирхол татсан юм. Та спорт сонирхогчдод өөрийгөө танилцуулаач.
-Би тийм нэрд гарсан лут шатарчин биш шүү дээ. Залуугаасаа сурсан, ажлынхаа зав чөлөөгөөр 60 жил шатар тоглосны хувьд хөлөг дээр өнгөрүүлсэн туршлагаар бол чамлахааргүй нь үнэн. 2006 онд шатрын спортын мастер болж, 2011 онд Монголын ахмадын шатрын рапид төрөлд улсын аварга, энэ жил Дэлхийн шатрын холбооны FM (арена фидэ-мастер) цол хүртлээ. Миний хувьд ахимаг насандаа гаргасан амжилтаа яахан чамлах билээ.
-Та нас ахих тусам амжилтаа ахиулжээ. Ийм амжилт гаргах нь зөвхөн оюуны спортод л боломжтой байх.
-Ахмад шатарчдад ажлынхаа хажуугаар байнга тоглох зав тэр бүр гардаггүй байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн аварга болж байв. Залуудаа аймгийн аваргаас хэтрээгүй. Хэнтий аймагт хоёр удаа түрүүлсэн. Дээр үед өнөөгийнхтэй харьцуулбал шатарчид цөөн. Улаанбаатар хотод 1991 онд болсон сар шинийн баярын шатрын тэмцээнд олон улсын мастер Т.Үйтүмэн тэргүүтэй ерөөсөө 41 тамирчин оролцсон тэмдэглэл надад байдаг юм. Одоо бол ийм тэмцээнд хэдэн зуугаар яригдах хэмжээний хүн цуглаж өрсөлдөнө. Нас ахих тусам сайжрав гэдгийн тухайд бол тийм байх онолын боломжгүй. Гэхдээ онол, ном зөрөхийн алийг тэр гэх вэ.
Миний гаргасан хамгийн том амжилт бол шатрын бодлого бодолтын улсын уралдаанд оролцож, хүрэл медаль хүртсэн явдал юм. 2014 онд стандарт шатрын рапид төрөлд амжилттай тоглож, улсад есдүгээр байрт жагссан үзүүлэлт бас бий. Үүнийг шатарчныхаа хувьд гаргасан оргил амжилтад тооцмоор санагддаг юм. Нэг үеэ бодвол шатрын спорт Монголд “тэнгэрт тултлаа” хөгжлөө. Цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй бол шатарчин хүн түрэгдэж, арагшаа шидэгдэх амархан болсон цаг. Гэтэл 60 шүргэх насандаа рапид төрөлд амжилттай тоглож, Монголын шилдэг 10 шатарчны нэг болж, их мастер Б.Хатанбаатар, У.Насанжаргал нартай нэг эгнээнд жагсан, зургаа татуулаад үнэмлэх авчихсан зогсож байжээ. Энэ нь нас намбаа тооцвол манай шатрын түүхэнд тэмдэглэх сонин үзүүлэлт мөн байх. Би энэ амжилтаараа их бахархаж, 2021 онд хэвлүүлсэн “Шатрын математик” номынхоо хавсралтын хэсэгт уг тэмцээний дүнг баримт болгон оруулсан юм.
-Таныг шатрын сэдвээр ном хэвлүүлж, мэдээ, сурвалжилга бичдэг гэж дуулсан.
-Тийм ээ. Сайн нөхдийн дэмжлэг туслалцаатайгаар 2005, 2019, 2021 онд шатрын ном хэвлүүлжээ. Онцлон хэлүүштэй бас нэг үзүүлэлтийн эзэн бол би гарцаагүй мөн юм билээ. Тэр юу вэ гэхээр Монголд Европын шатар үүсэж, хөгжөөд өдгөө бараг нэгэн зууны нүүрийг үзэж байна. 1934 онд Гивааннинж, Санжаажамц нар Эрхүүд шатар тоглож улсаа мандуулаад явж байсан нь баримттай. Монголын шатарчид гадаадад тоглох хэмжээнд хүртлээ дотооддоо дор хаяж 10 жил дасгал, туршилт хийсэн нь лавтай гэдгээр хөөж үзвэл манайд нийтийн шатар дэлгэрээд бараг 100 жил болжээ. Энэ хугацаанд шатрын спорт хөгжиж, өдгөө Монголын их мастер цолтны тоо 15-д хэдийн хүрчээ. Товчхон хэлбэл, Монгол Улс шатар хөгжсөн орон болж чадсан нь өнөөгийн залуу тамирчдын амжилтаар батлагдаж байна.
-Монголын шатрын спортын хөгжил хөгжингүй орнуудаас арай л хоцроод байх шиг санагддаг юм, тийм тал байна уу?
-Магад магад. Өнгөрсөн олон жилд Монголын шатарчдаас гадаадад, шатрын гадаадын сэтгүүлд шатрын сэдвээр нэг ч өгүүлэл нийтлүүлээгүй “залхуурал” ажиглагдсан. Энэ “цагаан толбо”-ыг Чулуун гэдэг шатарчин өнгөрсөн хавар нөхөж, алдаа дутагдлыг нь арилгасан гэмээр юм уу даа. Гадаадын сэтгүүлд гаргасан нь энэ болохоос биш, би дотоодын сонин хэвлэлд шатрын тухай нийтлэл, сурвалжилга цөөнгүй хэвлүүлсэн. 2006 оны долдугаар сарын 14-нд “Ардын эрх” сонинд “Улсын наадмын босго өндөр” өгүүлэл нийтлүүлж байлаа.
-Дэлхийд алдартай “Шатар-64” сэтгүүлийн 2021 оны ¹ 4-т монгол шатарчны оросоор бичсэн өгүүлэл анх удаа нийтлэгдсэн нь манай шатрын түүхэнд нэг шинэ үзэгдэл шахуу санагдсан.
-Дэлхийн аварга Тигран Вартанович Петросян, Анатолий Евгеньевич Карпов зэрэг төгс мэргэжилтэн ерөнхий редактораар нь өртөөлөн ажилласан нэр хүндтэй сэтгүүлийн нийтлэлийн шалгуурыг давна гэдэг шатар тоглохоосоо ч илүү хүнд даалгавар юм билээ. Миний өгүүлэлд “Шатарчны тогтвортой амжилтын үндэс суурь дасгалжуулагчийн арга барилаас шууд хамаарна” гэдгийг шатрын сонгодог онолын уналттай холбож тайлбарласан юм.
-Та өгүүллийнхээ гол санааг жаахан дэлгэрүүлээч, сонирхолтой санагдлаа.
-Шатарт суралцагчийн амжилтын замнал ямар байхыг дасгалжуулагч нь шийддэг. Түүнээс бүх зүйл хамаарна. Манай тохиолдолд дасгалжуулагчийн төлөвшил нэгдүгээр шинж юм. Дээр нь тухайн дасгалжуулагчийн “шатрын тулаан”-ыг яаж харах, түүнийг үзэх өнцөг нь нийтлэг биш, ер бусын шинжтэй байвал нэн сайн. Дурдсан шалгуурууд нэг нь нөгөөгөө бас нөхцөлдүүлнэ гэдгийг тэмдэглэх нь зөв болов уу. Шатрын хөлөг дээрх тэмцлийг өөрийн өнцгөөс хардаггүй, бусдыг даган дуурайж ердийн, нийтлэг зүйл номлодог бол нэгэнт төлөвшчихсөн шатарчныг дасгалжуулна гэдэг бараг боломжгүй зүйл санагддаг юм. Шатрын сонгодог онол гэж байхгүй. Тийм зүйл ерөөсөө байгаагүй, цаашдаа ч байхгүй, бас хэзээ ч бий болохгүй. Шатрын сонгодог онол ийнхүү мөхсөн нь үнэн юм бол шатрын сонгодог сургаал номлол дагаад мөн дуусах учиртай. Ямар ч онол тэгэхээр одоо байхгүй болохоор, хөлөг дээр зөвхөн зах замбараагүй арилжаа наймаа л үлдэж, өрнөж байгаа юм. Тухайлбал, би танд дөрвөн тэмп (ээлж) худалдаж, оронд нь (муу нь хамаагүй) өөрийхөө дуртай танил тэр байрлалыг авъя гэх мэт. Талууд хоорондоо хавтгай панз үсэргэж байгаа нь тэр.
-Шатар тоглоход хамгийн гол зүйл юу вэ, таныхаар?
-Хамгийн чухал зүйл бол өөрийхөө талбайд тоглох явдал юм. Ном хаялцаад байхгүй, онолыг, “хаана ч байхгүй, байгаагүй онол”-ыг байгаа гэж итгэн хөгжүүлсээр байвал та номоор яваад л номоор дуусна. Ийм тохиолдолд амжилт танд ирэхгүй. Нэгэн цагт болж бүтэж байсан тэр арга одоо нэгэнт явахаа байжээ. Өнөөдөр “ухаалаг” хүмүүс яагаад М.Найдорфоос татгалзаад байна вэ гэхээр “болзоотын бор толгой дээр болзож байгаад үзэлцдэг” номын тэр шатар, таабийт шатар үнэхээр хоцрогдсон үзүүлбэр болж эхэлсэнтэй холбоотой.
-Та өөрийнхөө нүүр номд таабийт шатрын тухай сонирхолтой бичвэр оруулсан байна билээ. Таабийт шатар гэж юу вэ?
-Сонгодог онолын маргаан эхэлдэг тэр байрлал-таабийнууд танд ч, надад ч тус болдог жаргалтай үе одоо нэгэнт өнгөрчээ. Болзолт мөчөөс эхэлдэг, хуучин, тэр “таабийны шатар” өнөөдөр том, жижиг гэлтгүй бүх шатарчинд саад болж, амжилтынх нь зам тээг болж байна. М.Найдорфын хамгаалалтад дэлхийн аварга Виши Ананд хүртэл хөнгөн хийсэх нь ердийн зүйл байдаг. Сициль гараа ер нь бол бүхэлдээ буруу юм шүү дээ. Яагаад гэж үү, гүн миттельшпильд цагаан тал нь таамгаар тав нүүчихээд буй атал илүү байдал нь хэвээрээ хадгалагддаг учраас би ингэж бардам хэлж байгаа юм. Дэлхийн аварга, Украины их мастер Анна Ушенина Хятадын их мастерт унгасан (үнгэсэн) түүдэг шиг өнхөрч, цол хэргэмээ өчиггүй шууд хураалгасан, алдсан. Яагаад гэвэл Украины шатарчин бүсгүй номоор яваад, номоор унаж дууссан даа.
Дурдсан хоёр учрал нь өнөөдөр шатрыг хуучнаараа өмнөхөөрөө тоглож болохгүйг нотлон харуулсан гэж үзнэ. Тэд чухам яах байсан бэ гэхээр онолоос хазайж байж аврагдах, амжилт олох ёстой байсан юм. Өнөөдөр онолоос зайлахгүйгээр, онолоос аль болох эрт өрсөлдөгчөөсөө түрүүлж гарахгүйгээр шатрыг амжилттай тоглох боломжгүй болжээ. Үүнийг өмнө нэр дурдсан аваргуудын жишээ харуулж байна.
-Шатрыг өмнөх маягаараа тоглож болохоо байсан юм бол одоо тэгээд бид яах вэ?
-Шатарт гарааны сонгодог онолыг хэт шүтэх нь дэмий. Шатрын сонгодог онол сөнөсөн бол өнөөг хүртэл даган мөрдөж ирсэн гарааны онолын постулатууд ерөөсөө ажиллахгүй. Бүх зүйл урвуугаар эргэнэ, хөл, толгойгоо алдана. Энэ бол хууль юм. Зүйрлэвэл, нүүдлээр тэмээ туйлахад яадаг билээ, тэрэн шиг юм болно. Арагт байсан ачаа бараа сэгсрэгдэж, боож багласан бурхан шүтээн хүртэл өмд, гутлын дор орчихсон явдагтай яг адил явдал болно. Сайн гараа нь муу, муу нь эргээд сайнд тооцогдоно. Шатарт эхэлж нүүх цагаан өнгө тийм чухал биш шүү, нүүдлийн ээлжийг сүртэй юманд бүү тооц, захын морь төвийн мориноос юугаараа дутуу гэж. Төвийг эхлээд эзэл гэнэ үү, за яршиг даа.
-Таны энэ өгүүлснийг хэрэгжүүлж буй хүн өнөөдөр хаана байна вэ?
-Байхаар барах уу. Өнөө цагийн эгэлгүй их аварга Магнус Карлсен энэ бүхнийг ялимгүй түрүүлж ойлгосноороо дэлхийн аварга болсон.Өнөөг хүртэл зөөлөн сэнтийнээс нь хэн ч ховхолж бараагүй байна. Шинэ үзэлтийн үр нөлөө, түүний шим шүлт аваргыг дотроос нь тэтгэж байгаа болохоор, тэгэх нь аргагүй шүү дээ.
В.Маланюк (Украин), Х.Вестеринен (Финланд), Х.Родригес (Колумби) гээд дэлхийн өнцөг булан бүрт олон сайн шатарчин, гаргуун судлаачид шатрыг бол нэвтэрхий ойлгосон нь Дэлхийн шатрын холбооны өргийн баазыг өнгийхөд шууд харагддаг юм. Тэд ойлголт зогсолтын тал дээр магадгүй өнөөх Магнус Карлсенаас ч илүү байх магадтай. Харамсалтай нь, шатрыг ойлгох нэг хэрэг, тоглох нь бас өөр зүйл байдаг. Чухамхүү иймээс шатрыг ном ёсоор нь ойлгосон дасгалжуулагчийн нөмөр нөөлөг дор, сайн тоглогчийн амжилтын зам шулуусна. Дасгалжуулагч шийдвэрлэх үүрэгтэй гэдгийн учир үүнд болой.
-Танаас асууя гэж бодлоо. Их мастер, агуу А.Морозевич чигорины хамгаалалт гэдэг эргэлзээтэй гараа сонгож тоглоод байгаа нь нэг л сонин...
-Түр зогсоорой, чингорины хамгаалалт гэв үү. А.Морозевич ямар нэг зүйлийг углуургаар нь ойлгосон бололтой (алиа үг) байх чинь вэ. Юутай ч тэр онолын талбарт гологдсон гарааг сонгож, тэрүүгээр өөрийгөө зэвсэглэснээр их шатарт өргөө гэрээ барьсан цөөн шилдгүүдийн нэг болж чадсан юм. Тэрбээр үүнийхээ ачаар 2700 (оноо) давсан чансааны босгыг төвөггүйхэн давж, шатрын хөгжлийн түүхэнд нэрээ нэгмөсөн сийлсэн хүн.
-Шатарч хүний хүсэл мөрөөдөл хөлгийн ард тоглож байхдаа чухам юу вэ. Амьдралын зорилго гэхээс илүү хөлөг дээрх хүсэл тэмүүллийнх нь тухай сонирхож байгаа юм шүү.
-Шатарчин хүн шатрыг жинхэнээсээ ойлгож эхэлбэл, түүнд ном, бас дасгалжуулагчийн хэрэг ер байхгүй болно. Тэр хүн өөрийнхөө хөгжлийг өөрөө тэтгээд явчихна. Энэ бол шатарчин хүний хөлөг дээрх хүслийнх нь эцсийн шахуу зорилго юм. Эцсийн эцэст шатарчин бүр амжилт олсон, эсэхээсээ үл хамаарч энийг эрт, орой бүгд мэддэг. Харамсалтай нь энийг мэдэх гэж дэндүү уддаг. Шатрын дасгалжуулагчийн зорилго бол энэхүү цаг хугацааны алс холын зайг товчилж, шавьдаа бодитоор туслах, үзсэн мэдсэнээ сэтгэл оюунд нь богино хугацаанд ойлгуулах явдал юм.
-Та шатрын дасгалжуулагчийн нөлөөг оновчтой сайхан тодорхойлж хэллээ. Шатрын бэлтгэл сургуулилалтын боломж нөхцөл Монголд өнөөдөр ямар байгааг товчхон тодорхойлооч.
-Би дасгалжуулагч биш тул дураараа ярьж болохгүй. Гэхдээ нөхцөл байдлын төсөөлөл надад бий. Монголын шатрын орчин нөхцөлтэй холбож хэлэх наад захын ажиглалт дүгнэлт байлгүй яах вэ. Манайд, бага насны хүүхдүүд шатрыг эхлэнгүүтээ “дэлхийн түвшинд” тоглох нь түгээмэл ч 12 наснаас хойш тэдний амжилт “суух” маягтай болж ирдэг. Гоц, гойд шатарчин хүүхдүүд мэр сэр гарч ирдэг ч шийдвэрлэх тулаанд араасаа улсын дэмжлэггүй, хувийн дасгалжуулагчгүй тул их тэмцэлд хүчин мөхөстдөг. Өмнөд хөршийнхөн эсрэгээрээ. Энүүхэндээ гэж хэлэхэд, тэд шатарчдаа төсвийн хөрөнгөөр туйлуулж, дэлхийн шилдэг алдартай дасгалжуулагчдын алган дээр бөмбөрүүлж байгаад эрийн цээнд хүргэж чадаж байна. Энэтхэг, Узбекистан мөн ялгаагүй. Гэтэл “Дэлхийн цом”-д оролцох эрх бярдаж авсан Монголын гоц авьяаст хүү супер их мастер Ян Непомнящийтэй тулалдахдаа гар хоосон гүйж очоод уначихаж байгаа юм. Энэ нь түүний бус, бидний буруу. Бид хойшид ийм байж таарахгүй. Биднийг биедээ ойртуулахгүй авч шидээд байгаа супер их мастеруудын тархийг эргүүлээд хаячих, халз тэмцээний үр дүнг ядаж сугалаа маягтай болгоод авах түмэн арга бий. Энийг дасгалжуулагч хүн тамирчиндаа зааж өгөх ёстой юм.