Боливи улсын Потоси хот орчимд газрын баялаг ихтэй аж. XVII зуунд тус нутгийн уугуул оршин суугчдыг уурхай руу ажилд дайчлах болсон байна. Индианууд уурхай хэмээх нүх рүү орж бүтэн долоо хоног гарч ирэлгүй лааны гэрэлд ажиллана. Даваа гарагт эрүүл чийрэг 20 индиан эр ороод, бямба гарагт хоёр хүний нэг нь эрхтэн дутуу болоод гарч ирнэ гэж шашны номлогч Родриго де Лоаиса гэгч бичсэн байдаг.
...Потосигоос олборлосон мөнгийг Панам руу зөөж, Карибын тэнгисийн эрэгт байх нэг усан буудалд аваачих болов. Тэндээсээ Испанийн колониудаас үнэт зүйл тээвэрлэдэг хөлөг онгоцонд ачна. Тогтсон механизм XVII зууны зааг дээр ажиллахаа байв. II Карл хаан нас барахад Испанийн эзний “суларсан” сэнтий рүү Европ бүхэлдээ хошуурлаа. Улсын сан хөмрөг Потоси хотын мөнгөөр гачигдаад байхад Америкаас ирж буй хөлөг онгоцнуудыг Англи саатуулаад явуулдаггүй. 1708 онд Испани улс бүслэлтийг сэтлэх оролдлого хийхээс аргагүй боллоо. Зургадугаар сарын эхээр Колумбиас Картахен хотод худалдааны 14 онгоц, 44 их буутай “Санта крус” хөлөг, гурван шурагт, тус бүр нь 64 их буу бүхий “Сан-Хоакин”, “Сан-Хосе” гээд бүхэл бүтэн флот цугларав. Зургаан жилийн турш Испани руу явуулж чадаагүй байсан үнэт эрдэнэсийг “Сан-Хоакин”, “Сан-Хосе” онгоцонд ачлаа.
Зургадугаар сарын 8-нд Испанийн хөлөг онгоцнууд Картахенээс хөдөлжээ. Мөнгө ачсан хөлөг онгоцнуудыг бүр гуравдугаар сараас хүлээж байсан Английн флот тэднийг эргээс 50 километр зайд тосоод хүлээж байж. Нар шингэмэгц тулаан эхлэх нь тэр. Удалгүй онгоцны тавцан дээр тунасан цусанд халтирахгүйн тулд дээр нь элс асгахаас аргагүй болов.
Оройн 19.00 цагийн орчим Английн далбаатай “Экспедишн” онгоцны 30 их буу “Сан-Хосе” руу ээлж дараалан сум илгээлээ. Онгоцнуудын хооронд өтгөн утаа бий болж, хүхэр ханхална. Тэгтэл гэнэт их дуу чимээ гарсан нь “Сан-Хосе” шатаж байлаа. Нүдээр харсан хүмүүсийн ярьснаар бол түүн дээр гал авалцаж тэр аварга хөлөг “маани уншиж амжих зуур” ёроол руу живж эхэлжээ. Хөлгийн багийн гишүүд болон зорчигчдоос 600 шахам хүний амь үрэгдэв. Ердөө 14-хөн хүн тэсэж үлдсэн гэж түүхч Карла Ран Филипс бичсэн байдаг. Санаанд багтамгүй их баялаг, үнэт эрдэнэс далайн ёроол руу одсон гэдэг.
“Сан-Хосе” хөлгийн намтрын дараагийн хуудас Чикагогийн санхүүч, 39 настай Уоррен Стернс түүнийг сонирхсон 1979 оноос эхэлнэ. Домогт хөлгийн “ходоод” алт, мөнгө, үнэт чулуугаар дүүрэн байгаа гэдэгт тэр эргэлзэхгүй байв. Хоёр жилийн өмнө “Консепьсон” дарвуулт хөлгийг хайхад Стернс олон зуун мянган ам.доллар зарцуулж, далайн гүнээс 60 мянган мөнгөн зоос, алтан гулдмай, бусад үнэт зүйлс гээд нийтдээ 14 сая ам.долларын олз олсон аж.
“Сан-Хосе”-г олоход үлэмж төвөгтэй ч унагах ашиг нь хавьгүй их. Стернс наад зах нь 50 сая ам.доллар олно хэмээн тооцоолж байна гэж “New York times” сонинд 1979 онд бичиж байжээ. “Тийм биш сэн бол юунд ийн эрсдэлтэй алхам хийх билээ” гэж тэр хэлж байсан аж. Тэгээд “Сан-Хосе”-г хайхаар Стернс, Жеймс Бэнниган, Жек Харбестон нар “Gloccа morra” нэртэй фирм байгуулав. Хайгуулын ажилдаа зориулж 10 гаруй сая ам.доллар цуглуулж чадсан байна. Хөрөнгө оруулагчдын дотор нэрд гарсан жүжигчин, бизнес эрхлэгч, улстөрчид байв. Ашгийнхаа 40 хувийг өгнө гэж Стернс тэдэнд амлажээ.
Колумбийн Засгийн газартай яриа хөөрөө хийж байх зуурт Бэнниган багаа бүрдүүлж, усны их гүнд ашиглах тоног төхөөрөмж хайж байлаа. Тэрбээр хөлөг онгоц хөлсөлж, усан дор ажиллах алсын удирдлагатай аппарат олжээ. Тэгэхдээ Марианы хонхрыг судлагч Жак Пикарын 700 метрийн гүнд орж чадах “Огюст Пикар” гэдэг усан доогуур явагч завь түүний хамгийн том олз байлаа.
Нутаг дэвсгэрийнхээ усанд ажиллахыг Колумби улс 1980 онд зөвшөөрөв. Олзоо тэнцүү хувааж, 50 хувь нь “Gloccа morra”-д, үлдсэн нь Колумбид очихоор тохиролцлоо. Одоо Картахен руу явж, ажилдаа ороход саадгүй. Эрх баригчидтай тохирсон ёсоор хайгуулын онгоц дээр цэргийн ажиглагчид жижүүрлэнэ. “Огюст Пикар”-ын араас хяналт тавиулахаар колумбичууд дэлхийн II дайны үеийн дизель хөдөлгүүрт завь дагуулж явуулав. Тэд америкчуудад тэгтлээ итгээгүйн зэрэгцээ хараа хяналтгүйгээр эрдэнэсийн хажууд орхихыг хүсээгүй бололтой.
300 метрийн гүнд ямар нэг юм байна хэмээн 1981 оны арванхоёрдугаар сарын эхээр техник хэрэгсэл заажээ. Шумбадаг завины тусламжтайгаар тэр орчмыг сайтар тандахад живсэн дарвуулт онгоц мөн гэдгийг нотлов. Их биеийнх нь овор хэмжээ, радио нүүрстөрөгчийн шинжилгээ, тансаглаж чимсэн их буунууд нь “Сан-Хосе”-г олсныг хэлээд өгөх нь тэр. Харамсалтай нь, горьдлого талаар болов.
“Gloccа morra”-гийн тухай сураг сонсмогцоо Техасын нефтийн магнат Жон Макмиллан Колумбийн нийслэлд давхиж очоод сайд нарт нь үдийн зоог барьж, өөрийнх нь компани далайн ёроолд байгаа эрдэнэсийг гаргаж ирнэ гэдэгт итгэхийг ятгаж гарчээ. Гэвч Макмиллан АНУ-даа гар хоосон буцаж ирэв. Колумбийн эрх баригчид Стернс болон түүний багт мөнгө төлөхийг урьдын хэвээр яарахгүй л байлаа. Тийм болохоор түүхэн үнэ цэнтэй аливаа олдворын 95 хувь нь улсынх байхаар тусгасан шинэ хуулийн дагуу хандахаас өөр арга байсангүй. Харбестон “Los Angeles times” сонины сурвалжлагчтай ярилцахдаа “Тэд бүгдийг нь дээрэмдэх бодолтой байна” хэмээн гомдоллож байжээ. Усанд живсэн аливаа ачааг гаргаж ирэх ажлыг 100 жил хийсэн Шведийн “Neptun Salvage” фирмийг “Сан-Хосе”-г хайхад оролцуулахаар Колумбийн Засгийн газар 1980-аад оны эцсээр оролдсон ч бүтсэнгүй. Шведүүд төр, засгийн өндөр албан тушаалтнуудын гарыг хүндрүүлж байж санасандаа хүрдэг юм гэнэ гэх дам яриа үүнд саад болсон байна.
Стернс, Харбестон, Бэнниган нарын эрх ашгийг хамгаалж “Sea search Armada” компани шүүхийн зарга заaлхайд олон сая ам.доллар зарцуулж байж ялсан ч зорилгодоо хүрсэнгүй. Хэрэг явдал Колумбийн Дээд шүүхэд хүрч, эрдэнэсийн тэн хагасыг америкчуудад өгөх шийдвэр гаргалаа. Үүнд Засгийн газар хууль бус үйлдэлдээ Ерөнхийлөгчийнхөө зүгээс дэмжлэг авсан гэж үздэгээ Харбестон илэрхийлж байжээ. Шүүхийн шийдвэрт тус улсын эрх мэдэлтнүүд өчүүхэн ч анхаарал хандуулаагүй аж. Эрх баригчид “Sea search Armada”-г онгоц живсэн газарт дахиж очихыг хориглож, усанд живсэн эд баялагт хүрэх гэсэн аливаа оролдлогыг таслан зогсооно гэж амласан байна. Колумбийн сэтгүүлчид Потосигийн уурхайчдын бурхан гэгддэг Эль-Тио (испаниар “ах” гэсэн утгатай) алт, мөнгөө испаничуудад ч, америкчуудад ч өгөхийг хүсэхгүй байгаа юм хэмээн гунигтайяа наргиан болгох болжээ.
Колумбийн Ерөнийлөгч Хуан Мануэль Сантос 2015 оны эцсээр сэтгүүлчдийг цуглуулж мэдээлэл хийхдээ манай мэргэжилтнүүд болон цэргийнхэн “Сан-Хосе”-г олсон гэж хэлжээ. Усны ёроолд байгаа далайн гахайн зургаар чимсэн их буунуудын зургийг үнэхээр авсан байв. Их бууг ийн чимэглэх нь Испанийн хөлөг онгоцнуудад зуршил болсон гоёл юм.
“Сан-Хосе”-той хамт живсэн алт, мөнгө, үнэт зүйлсийг хамгийн багаар үнэлэхэд дөрвөн тэрбум ам.доллароос доошгүй гэж үздэг. 17-20 тэрбум ам.долларт хүрнэ гэх хүмүүс ч байдаг юм байна. “Энэ бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн өндөр үнэ цэнтэй зүйл” гэж Хуан Мануэль Сантос бардамнасан гэдэг.
Колумбичуудыг “Gloccа morra”-гийн гаргасан байршлын баримжааг ашигласан гэж “Sea search Armada” сэжиглэдэг ч хөлөг онгоцыг өөр газраас олсон гэж Колумбийн Засгийн газар мэдэгджээ. Нэгэнтээ Сантос сурвалжлагчийн асуултад хариулахдаа ЭСЯ-нд болсон хүлээн авалт дээр алдарт зохиолч Э.Хэмингуэйтэй маш адилхан буурал сахалтай хүнтэй тааралдсан гэж хэлсэн байна. Тэр хүн “Сан-Хосе”-гийн сүйрлийн тухай олонд мэдэгдээгүй баримт дээр түшиглэж хийсэн зураг барьж явжээ. Уг зургаар Колумби улс хөлөг онгоцыг олсон аж. “Тэр бол эд баялгийн хойноос хөөцөлддөг хүн биш, түүний сонирхлыг мөнгө татаагүй” гэж Колумбийн Ерөнхийлөгч ярьсан байдаг. “Сан-Хосе”-г дахин хайхад Швейцарын МACS фирм, “Титаник”-ийг эрж олсон далайн судалгааны “Вудс-Хоул” хүрээлэн оролцсон байна. Хөлөг онгоцны живсэн газрыг тодорхойлохдоо Кубийн мэргэжилтэн Рожер Дулийн хийсэн судалгааг ашиглажээ. МАСS ингэж нотолсон ч түүнд итгэхэд төвөгтэй. MACS тийм ч цэвэр үйл ажиллагаатай биш болох талаарх баримтыг Испанийн АВС сонин олжээ. Энэ компани өчүүхэн хөрөнгөтэй, Кайманы арлуудад бүртгэлтэй, “Trans-Siberian” гэсэн сэжиг бүхий нэртэй фирм хувьцааг нь эзэмшдэг, Английн корпорацад харьяалагддаг байв. Үнэндээ бол MACS-д ажлын туршлага, техникийн боломж, хөрөнгө мөнгөний аль нь ч байхгүй байлаа.
Ерөнхийлөгч Сантосыг мэдэгдэл хийсний дараа “Сан-Хосе”-гийн ачааг эзэмших эрхтэй гэж Испани улс зарлав. “Сан-Хосе” нь тусгаар тогтносон улсын хөрөнгө хэмээн Испанийн Гадаад хэргийн сайд нь санууллаа. Алт, мөнгийг газар нутгаас нь олборлосон Перу, Боливи улсад ч бас ийм санаархал байх үндэстэй байв. Потоси хот газар нутаг дээр нь байсан индианы Кхара-Кхара омгийн төлөөний хүмүүс ч өөрийн хувийг өгөхийг 2018 онд шаардав.
Ерөнхийлөгч Сантос “Эрхмүүд минь энэ бол Колумбийн ард түмний хөрөнгө” гэж бүр 2015 онд хэлж байжээ. Уг нь “Сан-Хосе”, түүний ачаа түүхэн үнэ цэнтэй юм бол түүний төлөө эрдэнэсийн зүйл хайгчид биш музей л тэмцэж баймаар сан. Маргаан ийн өрнөж байх зуур “Сан-Хосе”-гийн ачааг далайн уснаас гаргаж авах тендер эхэлсэн байна. Харин тендерт мөнөөх MACS ганцаар оролцох аж. Сантос 2018 оны долдугаар сарын 23-нд эрлийг зогсоов.
“Gloccа morra”-гийн ахмад зүтгэлтнүүдээс үлдсэн хүмүүсийн нэг нь болох Харбестон одоо хэр нь сэтгэл зовсоор. Нөгөө Стернс 2010 онд хорвоог орхисон. Бэнниган ч нас баржээ. “Хэрэг явдал зөвхөн мөнгөнд байсан сан бол би аль хэдийн буугаад өгсөн. Өнгөрсөн цаг хугацааны туршид Колумбийн Засгийн газар биднийг хуурч, бүгдийг нь өөртөө авах гэж оролдлоо. Энэ бол жигшүүртэй шударга бус явдал” гэж Харбестон үзэж байна. Түүний тэмцэл зогсоогүй.