М.Чулуун-Эрдэнэ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-ын налуу шатаар тэргэнцэртэй хүн өгссөөр дотогш оров. Түүнийг М.Чулуун-Эрдэнэ гэдэг. Тэрбээр тус газрыг анх байгуулагдсан цагаас буюу 2018 оноос хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд өөрийн онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэх нь туйлын чухал. Тэднийг ажлын байраар хангах нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хуулиар хүлээсэн үүрэг билээ. Энэ удаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХБХХЕГ-ын хөгжлийн бэрхшээлтэй мэргэжилтнүүдийн ажлын онцлогийг сурвалжиллаа.
М.Чулуун-Эрдэнийн ажлын өөрөө гуравдугаар давхарт байрладаг аж. Орох, гарах гарц нь налуу замтай, цахилгаан шаттай, зориулалтын ариун цэврийн өрөөтэй учраас ажиллах орчинд нь асуудал тулгардаггүй гэнэ. Харин өглөө ажилдаа ирэхдээ гэр бүлийнхнээсээ тусламж авдаг. Ажлаа тараад хамт олныхоо дэмжлэгээр такси болон нийтийн тээврийн унаагаар зорчдог байна. Тэргэнцэртэй хүн зорчих боломжтой “урт” автобус зөвхөн төв замаар л үйлчилгээ үзүүлдэг учраас бусад чиглэлд явахад саад учирдаг аж.
М.Чулуун-Эрдэнэ урьд нь иргэний нийгмийн байгууллагад 10-аад жил ажиллажээ. Төрийн байгууллагад ажиллаж үзэх сэн гэсэн хүслээ биелүүлэхийн тулд төрийн албан хаагчийн шалгалт өгч, тэнцсэнээр тус агентлагт ажиллах болсон байна. Түүнээс ажлынх нь онцлогийн талаар тодруулахад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамааралтай хууль тогтоомжийг хүмүүст таниулах, сурталчлах, төсөл, хөтөлбөрт иргэдийг хамруулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зэргээр нөлөөллийн ажил явуулдаг. Хөгжлийн бэрхшээлийн онцлогийг хүмүүст зөвөөр ойлгуулах нь чухал. Жишээлбэл, манай байгууллагад харааны бэрхшээлтэй залуу ажиллаж байгаа. Анх ажилд ороход нь хүмүүс “Яг юу хийх юм бол” гэж гайхсан байх. Компьютерт нь уншдаг программ суулгаж өгснөөр тэрбээр ажлаа төвөггүй гүйцэтгэдэг. Мөн цагаан таяг болон орчинтойгоо харилцах сургалтад сууж байгаа. Өөрийн үүрэг, хариуцлагыг ухамсарлаж амжилттай ажиллаж байна. Нийгэмдээ оролцоотой байх нь тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээс илүү хүрээлэн буй орчны хүчин зүйлсээс ихээхэн шалтгаалдаг. Тухайлбал, тэргэнцэртэй залуус ажил хийхэд байгууллага нь цахилгаан шатгүй, ажлын газар нь нэгээс дээш давхарт байрладаг, налуу шатгүй гэх мэт орчны шалтгааны улмаас байнга хэн нэгнээс тусламж авах хэрэг гардаг. Хэн нэгнээс хамааралтай байна гэдэг амаргүй. Энэ мэт орчны хүртээмжгүй байдлаас болж хөдөлмөр эрхлэхээс шантарч байна. Тэргэнцэртэй иргэн зорчих боломжтой нийтийн тээврийн унаа хүрэлцээгүй учраас байнга таксигаар үйлчлүүлэх нь зардал өндөр. Гэхдээ зовлон тоочоод суух биш, бэрхшээлийг сөрж ажиллах хэрэгтэй. Тодорхой хэмжээгээр нийгэм өөрчлөгдөж, хөгжлийн онцлог ялгааг иргэд хүлээн зөвшөөрдөг болсонд баярладаг. Гэхдээ бүх хүнд хүртээмжтэй нийгмийг бий болгохын тулд төр, засгаас бодлогоор дэмжиж, хийж хэрэгжүүлэх ажил их байна” гэв.
О.Гаасүрэн
Хамт олон нь хэрхэн дэмжиж тусалдаг талаар түүнээс сонирхож асуухад “Хүний төлөө амьдарч байгаа биш. Надад заавал туслах албагүй. Хэн нэгэнд төвөг удахгүй амьдрах хамгийн сайхан. Би ажлаа хийхдээ тэргэнцэртэй гэдгээ мартдаг. Хамт олон маань ч намайг хөгжлийн бэрхшээлтэй гэж “харж үздэггүй” хэмээв. Үргэлжлүүлэн нэг жишээ дурдсан юм. Өмнөговь аймагт нэг тэргэнцэртэй хүн ажилд оржээ. Ажлын газрынхан нь хуваарь гаргаж, нэг нэгээрээ ээлжлэн гэрээс нь авч, хүргэж өгдөг байж. Зарим үед түүнийг гэрээс авах хүнгүй болчихно. Энэ байдал нь түүнд маш их ачаа, ажлынханд нь ч дарамт болсон гэдгийг М.Чулуун-Эрдэнэ хэлсэн. Тиймээс тэрбээр аль болох бусдад төвөг удахгүй байхыг хичээдэг аж. Сургалтад хамрагдах, хүмүүстэй уулзах зэргээр гадуур ажил хөөцөлдөхөд зам, талбай, барилга байгууламжийн хүртээмжгүй байдлаас болж бэрхшээл тулгардаг ч асуудалд аль болох амар хялбараар ханддаг гэнэ. Тэрбээр ажлынхаа багагүй цагийг ширээний ард дэлгэц ширтэж өнгөрүүлдэг. Өвдөг нь ширээнд тулахгүй, нуруу цэх байхад л асуудалгүй ажилладаг байна. Зам, тээврийн ослын улмаас 22 настайдаа тэргэнцэр дээр суух болсон тэрбээр өөр шиг нь бэрхшээлтэй олон хүн хөдөлмөр эрхэлж, амжилттай явааг хараад амьдралаа дахин эхлүүлэх хүч, сэтгэлийн тэнхээ, итгэл үнэмшилтэй болсноо онцлон дурдсан.
ХБХХЕГ-ын баруун талд найман давхар барилга барьж буй. Ирэх жил ашиглалтад орох гэнэ. Тэр болтол тус газрынхан дарга, цэрэггүй нэг өрөөнд төвхнөжээ. Тодруулбал, Тамгын болон Бодлого, хэрэгжилт, Хяналт шинжилгээ, үнэлгээ, Хөгжил, нийгмийн оролцооны гэсэн дөрвөн газрын 30 гаруй мэргэжилтэн нэг дор ажиллаж байлаа. Тэдний дунд харааны бэрхшээлтэй О.Гаасүрэн гэх залуу ажилладаг. Тэрбээр шинэхэн ажилтан бөгөөд иргэний нийгмийн байгууллага хариуцсан мэргэжилтэн. Түүний ажлын өрөөний үүднээс эхлэлтэй товгор шулуун хавтан бүхий зориулалтын зам нь ариун цэврийн өрөө, цахилгаан шат зэрэгт хүргэх “хөтөч” болдог. О.Гаасүрэн Солонгос орон судлаач мэргэжилтэй бөгөөд өмнө нь олон улсын болон хувийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай аж. Тэрбээр “Би харааны бэрхшээлтэй иргэд бусдын адил ажиллаж чаддаг гэдгийг хамт олондоо харуулах, үлгэр дуурайл үзүүлэхийн төлөө хичээж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар гаргасан бодлого шийдвэр, мэдээ мэдээллийг төрийн бус байгууллагуудад хүргэх, арга зүйгээр хангах нь миний ажлын нэг хэсэг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах тэмдэглэлт өдрүүдийг зохион байгуулахад бусад байгууллагыг татан оролцуулах, олон нийтэд мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах үүрэгтэй ажиллаж байна” гэв. Тэрбээр дэлгэц уншдаг программын тусламжтайгаар аливаа мэдээллийг хүлээн авч, ажлаа гүйцэтгэдэг аж.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь ХБХХЕГ-ын зорилго. Эл зорилгоо хэрхэн биелүүлж буй талаар тус газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга У.Сосорбурамаас тодруулсан юм. Тэрбээр “Засгийн газраас баримталж буй “Халамжаас хөдөлмөрт” гэсэн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө бид ажиллаж байна. Үүний хүрээнд жил бүр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг шинэчлэн баталж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай гүйцэтгэдэг. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд зуучилж, дасан зохицтол нь зөвлөн тусалж, ажил олгогч байгууллага, ар гэрт нь чиглэсэн тусламж үзүүлдэг ажилд дадлагажуулагчийг ажиллуулж эхэлсэн. Хагас жилийн байдлаар нийт 90 гаруй ажлын байр бий болгожээ. Мөн санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай, орлоготой болгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд 20 хүртэлх сая төгрөгийн зээл авч, ажлын байр бий болгох боломжтой. Үүний 10 саяыг нь эргэн төлөх, үлдсэнийг нь эргэн төлөхгүй нөхцөлтэй. Аж ахуйн нэгжүүд мөн 20 хүртэлх сая төгрөгийг эргэн төлөгдөх болон төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж буй. Хагас жилийн байдлаар нэг тэрбум 20 сая төгрөг үүнд зарцуулжээ. Санхүүгийн дэмжлэгээр ажлын байр бий болгож буй газрын ихэнх нь хувийн бизнесээ өргөжүүлэхэд чиглэж байгаа. Жишээ нь, оёдол, мужаан, гар, урлал, үсчин, гоо сайхан, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэд олноор ажилладаг. Мөн ажилд дадлагажуулагч гэх шинэ үйлчилгээг нэвтрүүлснээр цөөнгүй хүнийг ажилтай болгосон. Өөрөөр хэлбэл, бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг албан байгууллагад зуучлахдаа эргэх холбоогүйгээр буюу ажилд оруулаад л орхидог байсан. Одоо бол тухайн ажлын байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ямар асуудал тулгарч байна, тэр бүгдэд дэмжлэг үзүүлдэг. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд ажилд дадлагажуулагчийг зохицуулах журам гаргасан. Гол нь ажил олгогч байгууллагынхан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөр эрхэлж чадна гэсэн бат итгэл дээр үндэслэж ажиллуулах соёл төлөвшөөгүй байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тэр дундаа ажилд дадлагажуулагч тухайн байгууллагынхантай тулж ажиллах, ар гэрийнхэнд нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэргээр гүүр болох нь маш үр дүнтэй юм. Өнгөрсөн онд ажилд дадлагажуулагчид хөгжлийн бэрхшээлтэй 79 хүнийг ажил олгогч байгууллагатай холбож, хөдөлмөр эрхлэх боломжоор хангажээ. Тухайн хүний онцлогт тохирсон ажлын тохируулгыг нь хийж буй учраас тэд сэтгэл хангалуун байгаа” гэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 144.2-т “Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна” гэж заасан. Хэрэв энэ заалтыг биелүүлэхгүй бол мөнгөн торгууль төлөх хуультай. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах нь аж ахуйн нэгжийн үүрэг юм. Нөгөө талаас ажил олгогч байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулахад орчин нөхцөл хамгийн их тулгамдаж буй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүлээн авах сэтгэл зүй алга байгааг У.Сосорбурам яриандаа онцлон дурдсан. Мөн тэрбээр “Манай байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй таван хүн ажилладаг. Хараа, тулгуур болон дотор эрхтний бэрхшээлтэй хүн ажиллаж байна. Тэд ажилдаа эрт ирдэг, цаг баримталдаг, аливаад хурдан дасан зохицдог” гэсэн юм. Ийн ярилцах зуур удахгүй болох хуралд танилцуулах хөтөлбөрийн талаар тодруулахаар О.Гаасүрэн түүнийг хүлээж байлаа. Халамж горилох бус, хөдөлмөрлөх боломж хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт бий.