Босни-Херцеговин Улсын нийслэл Сараево хотод зохион байгуулсан жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ өчигдөр өндөрлөлөө. Монголоос 16 бөх тус тэмцээнд хүч сорив. Тэднээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ази тивийн аварга М.Нандин-Эрдэнэ шагналын салхи хагалж, хүрэл медаль хүртлээ. Олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн шавь тэрбээр медалийн төлөө Италийн тамирчин Илария Финестроныг вазари үнэлгээгээр ялсан юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 70 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр шийдвэрлэх барилдаанд Украины Диана Семченког торгуулиар буулган авсан юм.