Британи дэлхийд анх удаа “Ковид-19”-ийн эхний болон өнгөрсөн өвөл гарсан шинэ омикрон (BA.1) хувилбарын эсрэг зэрэг үйлчлэх вакциныг хэрэглэх болов. Америкийн “Moderna” компани сайжруулан бүтээсэн вакцинаа 437 өвчтөнд туршаад, аюулгүй, халдвараас хамгаалах түвшин дээшилснийг нотолсон аж. Коронавирусийн янз бүрийн хэлбэрээс хамгаалах шинэ вакциныг энэ намар Британийн эрсдэлт бүлгийнхэн болон 50-иас дээш насны 26 сая орчим оршин суугчид нэмэлтээр санал болгох гэнэ. 2019 оны сүүлчээр Хятадад халдварын анхны тохиолдол илэрснээс хойш хэдхэн сарын дараа коронавирусийн эсрэг анхны вакциныг хэд хэдэн компани маш богино хугацаанд гаргаж байсан. Гэвч түүнээс хойш вирус олон удаа хувирч, вакцинаар үүсгэдэг дархлааны хамгаалалтыг давах шинэ хэлбэрүүд гарснаар дэлхий даяар шинэ, хүний аминд хүрэх эрсдэлгүй ч урьдын адил аюултай өвчний дэгдэлт бүртгэгдсээр буй. “Moderna” компани энэ онд багтаан Британид 13 сая тунг нийлүүлэхээ амласан байна.
Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо 5.5 саяд хүрсэн нь өмнөх үеийнхээс 0.6 саяар бага үзүүлэлт аж. Тийнхүү “Ковид-19”- ийн өвчлөл гурван долоо хоног дараалан буурч байна. Мөн өнгөрсөн долоо хоногт 15 мянга орчим хүн уг өвчнөөр нас барсан нь тогтвортой үзүүлэлт гэнэ.
Долдугаар сард хамгийн өндөр үзүүлэлттэй байсан Европт өвчлөл эрс буурч байна. Түүнчлэн өнгөрсөн сарын сүүлчээс Австралид өвчлөл хоёр дахин буурч, одоо тэнд өдөрт 20 мянга гаруй оршин суугч өвдсөн нь тогтоогдож байна. Харин Ази тивд үзүүлэлтүүд огцом өсжээ. Тодруулбал, Өмнөд Солонгост өвчлөл дөрөвдүгээр сараас хойших дээд хэмжээнд хүрчээ. Тус улсад халдвар авсан 120 мянга гаруй хүн бүртгэгдсэн байна. Японд энэ үзүүлэлт 240 мянгаас давсан нь хоёрдугаар сарын давлагаанаас 2.5 дахин их, цар тахлын эхэн үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт болов. Тэрчлэн Индонез, Малайз, Филиппинд шинэ дэгдэлт бүртгэгдэж байна. Сүүлийн өдрүүдэд Японд коронавирусийн улмаас нас баралт огцом нэмэгдэж, 200 давсан байна. АНУ-д уг үзүүлэлт 2200 давжээ. Бразилд энэ тоо 1.4 мянга байв.