Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс “Солонгон үүлст Юньнань” гэрэл зургийн үзэсгэлэнг “Norphei” арт галерейд дэлгэлээ. Эл үзэсгэлэнгээр Монголын ард түмэнд Юньнань мужийн газар зүйн өвөрмөц байршил, байгалийн гайхамшигт үзэмж, үндэстний зан үйл, түүхийг харуулж буй бөгөөд хоёр улсын аялал жуулчлалын харилцааг илүү хөгжүүлэх зорилготой аж. Тус мужийн 60 гаруй гэрэл зургийг үүнд дэлгэжээ. Зургуудыг Юньнань мужийн Соёл, аялал жуулчлалын газраас авчирсан байна. Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр “Аялал жуулчлал нь манай хоёр улсын харилцааны чухал хэсэг. Гэрэл зургийн эл үзэсгэлэнгээр дамжуулан Монголын бүхий л салбарынханд Хятадын Юньнань мужийн үзэсгэлэнт байгаль, гүн гүнзгий соёлыг харуулж буй” хэмээн онцолсон. “Солонгон үүлст Юньнань” үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ.
Бэлтгэсэн А.Тайшир