Польшийн Влоцлавек хотод энэ сарын 8-13-нд зохион байгуулсан нисэх загварын спортын ДАШТ-д Монголоос шигшээ багийн тав, нөөц хоёр тамирчин оролцсон. Эмэгтэйчүүдийн уран жолоодлогот нислэгийн F2B ангилалд Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч Н.Номин 1770.32 оноогоор мөнгөн медаль хүртэв. Тэрбээр “Залуу зохион бүтээгч” төвийн дасгалжуулагч Ж.Баярбатын удирдлагад 2018 оноос хойш эл спортоор хичээллэжээ. ДАШТ-д өрсөлдөх тамирчдыг сонгон шалгаруулах сорилго тэмцээнд Н.Номин өнгөрсөн хавар түрүүлж, Польшийг зорих эрх өвөртөлсөн юм. Дэлхийн аваргад эх орноо төлөөлж оролцсон Н.Номин уг спортоор өндөр амжилт гаргасан анхны эмэгтэй тамирчин боллоо. Сонирхуулахад, нөөц тамирчин З.Номундарь ДАШТ-ийг нээж, хүндэтгэлийн нислэг хийсэн байна. Энэ удаагийн дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн ангилалд Италийн тамирчин Фиуселло 1832.46 оноор аварга болсон бол эзэн орны Раковска хүрэл медаль зүүжээ.