Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор, профессор
Хүний дээд, хүнч чанартай, хүнлэг энэрэнгүй, өр нимгэн, зөөлөн сэтгэлтэй хүнийг монголчууд хүний хайлан гэж уянгалан хэлдэг. Бас буянч сэтгэлтэй, “бурхан хүн” хэмээн өргөмжилдөг. Сайн хүмүүний энэ шалгуурт тэнцэх нэгэн эрхэм бол манайд анх удаа “Монгени-21” (“Эрдэм-1”, “Эрдэм-2”) төслийг санаачлагч, “Монгени” цогцолбор сургуулийг үүсгэн байгуулагч, захирал, Монгол Улсын зөвлөх, Гавьяат багш Нүрзэдийн Лхагва юм. Тэрбээр сургуулиа нэгэн жарны тэн хагаст нь тасралтгүй хөгжүүлсэн бөгөөд өдгөө ч тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Хүний мөстэй, жудагтай, нүнжигтэй, нөмөртэй хүн хуучин цагт, дээр үед олон байв. Харин орчин үед, одоо цагт нэн ховор болсон. Аль ч нийгэм, цаг үед хүнээ алдаагүй, бусадтай эв нийцтэй харилцан, аядуу ааль зантай, сайхан сэтгэлтэй, хүнтэй нэг л нөхөрлөдөг, хоёр нөхөрлөдөггүй, хэзээд нэг зангаараа яваа, миний л мэдэж таних цөөн эрхмийн нэг бол яахын аргагүй Н.Лхагва мөн.
Энэхүү эгэл хэрнээ эгэлгүй, жирийн хэрнээ ер бусын сайн хүнтэй анх танилцсан минь тэртээ 20 жилийн өмнө юм. Сургуулийнх нь 10 жилийн ойгоор оюутан үеийн анд зураач, багш, эрдэмтэн Ж.Дашдаваагаа дагаж, энэ сургуульд анх хөл алхан орж ирж байв. Өөдлөх айл үүднээсээ гэдгээр хаалга, хаяг, тавилга, танхим, танилцуулга, коридор, үзүүлэн, самбар, сурталчилгаа, реклам чимэглэл, зураг бүдүүвч, бичвэр сэлт нь хүртэл нүд хужирлан, сэтгэл баясгаж билээ. Үүний зэрэгцээ түүн дээр бичсэн үг, өгүүлбэр нь онч мэргэн, утга цэцтэй, шинэлэг санаатай, уриа лоозон, үзэл баримтлал, үйлс зорилго, ирээдүйгээ харсан итгэл тэмүүлэл тэргүүтэн нь үнэн магадтай, урлал хийц нь өнгө алаг, гял цал, уран чамин, дүрслэх урлагийн урланд ч юм уу, үзэсгэлэн, музейд ороод ирэв үү гэлтэй сэтгэгдэл төрүүлж байлаа. Гэрийн эзэн, өрхийн тэргүүн ямар байхаас тэр айлын өнгө жавхаа, цог хийморь, сүр сүлд, ажил үйл, амжилт бүтээл цөмөөр тодрон харагдах учиртай. Энэ айлын эзэн, сургуулийн захирал Лхагва хэн болохыг түүнтэй нүүр тулан, амар асуун уулзахаасаа өмнө хийсэн, бүтээсэн бүхнээс нь мэдэж байв.
Өрөөнд нь ороход дунд эргэм насны, биеэр өндөр ч биш, намхан ч бус, бас тарган ч биш, туранхай ч бус, өөртөө таарсан яргай махтай, шингэн шаргал царайтай, мэлмий дүүрэн мишээсэн, дуу хоолойн өнгө нь нам болоод тодхон, нүд, хөмсөг оргисон, дээд уруул эмжсэн ширвээ сахалтай, тасам хар үстэй, улаан бимба уруултай, цахиур цагаан шүдтэй эрхэм угтав. “Залуудаа үеийн бүсгүйчүүдийн харцыг булаасан царайлаг, жавхаалаг сайхан эр хүн байж дээ” гэх бодол зурсхийх зуурхан тэрбээр суудлаасаа босож, бид хоёртой найрсгаар гар барин мэндэлж билээ. Бид буйданд тухлан сууцгаан, цай цүү болон яриа хөөрөө өрнүүлсэн.
Анхны тэр уулзалтаас хойш арван жил хоёронтоо өнгөрчээ. Өдгөө үсэн буурал болсон Лхагва минь ч жинхэнэ монгол сургууль буюу “Монгени”-ийг урлан бүтээгээд, эх орондоо эрдэм чадвартай, хүмүүнлэг монгол хүүхэд бэлтгэх үйлс зорилгодоо хүрч чаджээ. Хүүхэд бүрийн гарваль шинжид суурилсан, төрмөл авьяасыг багаас нь илрүүлэн нээх, ялгаатай хүүхдийг ялгавартай сургах, тэгэхдээ өөрийнх нь сурц мэдцийн хурдаар хөгжүүлэх, бүхэл бүтэн, тэгш хөгжлийг хангах, албадмал бус, хэрэгцээ сонирхолд түшиглэн заах арга ухааныг тэрбээр сургуульдаа төлөвшүүлсэн. Түүнчлэн бүхнийг бус, чухлыг заах, дүнгээр айлгах биш, урам дэмээр тэтгэж, уйтгартай хичээлээр залхаах бус, сонирхолтой, хөгжөөнтэй байдлаар сурахын баяр цэнгэл эдлүүлэх, хүнд сэдвийг хөнгөрүүлж заах, тогтвортой ба хувьсах агуулгаар хичээллэх бодлого баримталж иржээ. Ингэснээрээ хуаранжсан бус, төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, сонгосон, дугуйланжсан, шаталсан сургалттай бүлэг сургууль бий болгохыг зорьж байв. Суралцагчдын төлөө энэ мэт олон зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд мэрийн мэтгэдэг, хийе, бүтээе гэсэн зүйлийнхээ төлөө яс ажилладаг, яг хэлдэг, эцсийг нь хүртэл зүтгэдэг, дундаас нь бэрхшээн халирч, буцаж няцдаггүй хүн билээ. Мөн итгэл үнэмшил, ойлголт ухаарал, үзэл бодол, байр сууринаасаа хэзээ ч үл ухрах бат зан чанартайг миний бие мэднэ. Тиймээс хуучин андын хувиар саналыг нь хүлээн авч, “Монгени” сургуулийн түүхт 30 жилийн ойн босгон дээр “Монгол утгач хүүхэд” бэлтгэх хөтөлбөр, монгол өв соёлын суурь судалгааг эхлүүлж, Эх өв, соёл судлалын хүрээлэн байгуулахад захирлын зөвлөхөөр хамтран ажиллахаар болсондоо баяртай байна. Түүнтэй гар, санаа нийлэн ажиллахад ганзага дүүрэн олзтой, хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй явдаг даа.
Лхагва маань 70 насны даваа өөд өгсөж яваа гэхэд өвгөн гэмээргүй ануухан, идэр залуугийн эрч хүчтэй, арьс атираагүй толиотой, мах шуугдаагүй мариатай, алхаа гишгээ аяс намс, ааль аяг усгал зөөлөн янзаараа байна. Ялангуяа ухаан билиг саруул, санаж сэдэх, эрж хайх, хийж бүтээх, шинийг санаачлах санамсар мэдрэмжтэй, ой билиг, оюуны чадавх нь залуу хүний энд хүрэхүйц байгаа нь “зөнөсөн гавж байдаггүй”-г батлан харуулах мэт ээ.
Ойр шадарлан ажиллахуйд түүний сэтгэл нь царай шигээ цагаан цайлган, зөвд аяс зөөлөн хэрнээ бурууд гөжүүд хатуу зантай, хөдөлгөөн бойнго удаан мэт боловч хийж бүтээх ажилдаа эрч хүчтэй, хурдтайг байнга мэдэрдэг. Сургууль дээрээ өглөө хамгийн эрт ирж, орой хамгийн сүүлд гардаг, даруухан хэлбэл, ажлын цагийг дүүрэн ашигладаг. Даваадуулан хэлбэл, хоногийн хорин цагт сургууль, гэртээ сууж ажилладаг, ийм л ажилсаг, бүтээлч, эцэж цуцашгүй хөдөлмөрлөдөг хүн юм. Ойрын хүрээллийнхэн нь түүний хүнлэг, өглөгч, тусч зан чанар, ажилч хичээнгүй, эрдэм чадвар, авьяас билгийг магтан сайшааж, сайнаар дурсан ярьцгаадаг. Лхагва минь мань мэтийн хүний магтаалд маасайж, сайшаалд сагсуурах хүн биш. Хийсэндээ хийрхэж, онгирч оодрох, бардамнаж сагсуурах, бусдыг гоочилж биеэ тоон ихэрхэх их зангүй, өнөө л эгэл даруу, төлөв төвшин, аядуу зөөлөн, амгалан тайван зангаараа хүн бүхэнтэй дотносон, элэгсэг, эвсэг харилцдаг.
Үе чацуутан, анд нөхрийн хувиар би Лхагвааг хэд хэдэн зүйлээр хүндэтгэж, хийсэн бүтээснээр нь бахархаж явдаг. Манай Лхагваад хэд хэдэн онцлог өвөрмөц сайн чанар буй. Нэгт, дээр хэлсэнчлэн тэрбээр хүнлэг ариун сэтгэлтэй, тусархуу, нийтэч нөхөрсөг, хармын санаагүй өглөгч, өрөвч зөөлөн хүн. Үүнийг гэрчлэх баримт бол багш нарынхаа цалинг нэмж, нийгмийн асуудлыг нь шийдсэн, ажилтнуудаа компьютерын сургалтад суулгаж, мэргэжлийг нь дээшлүүлсэн явдал. Мөн өөрийн үйл ажиллагааны орлогоос малтай болж, тэтгэвэрт гарч буй ахмад багш нартаа саалийн үнээ бэлэглэсэн, оны аварга багшаа зурагтаар шагнасан зэргийг нь буруутган шалгаж, өр төлбөр тавьж, машин тэргийг нь хураасан явдал ч гарч байв. Хоёрт, тэр бол туйлын ажилч хичээнгүй, ганц биед ахадмаар, дээр дээрээсээ дэрлэсэн олон ажлыг зэрэг амжуулдаг, ёстой л ажлын төлөө төрсөн хүн. Гуравт, авьяаслаг зураач, зохион бүтээгч, урлаач төдийгүй эл мэргэжлийнхээ эздийн бүтээл туурвилыг үнэлж цэгнэдэг, тэднийгээ дэмжиж урамшуулдаг. Тиймдээ ч сургуулийн өргөтгөл болох “Mongeni tower” есөн давхар ордондоо зураач, уран бүтээлчдийн урлан, Дүрслэх урлагийн академи байгуулж, академич цолоор шагнан, бүтээлийн дээж-цомгийг нь хэвлүүлж байна. Дөрөвт, тэр бол тэмцэгч, ялагч хүн. Цаасан дээр “төсөл” нэрээр буусан зураг төсөл, төлөвлөгөө, хөтөлбөр, шинэ үзэл санаанууд нь амьдралд ойр, бодит хэрэгцээнээс үүссэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, сайтар бодож боловсруулсан, монгол хүний онцлог, сэтгэлгээнд нийцсэн байдаг. Тийм учраас Монголын хөрсөнд амархан нутагшиж, үр жимс нь түргэн соёолон ургаж эхэлсэн юм. Гараа сайн бол бариа сайн байдагчлан түүний үүсгэн байгуулсан “Монгени” нь бүтэц, хэв шинж, зохион байгуулалт, удирдлага, санхүү, менежмент, сургалтын агуулга, арга зүйн шинэчлэлээрээ бусад сургуулиас онхи өөр, ялгаатай, өөрийн гэсэн өвөрмөц онцлог дүр төрхтэй. Иймийн учир олон түмний анхааралд байдаг. Үүний зэрэгцээ сайныг саар дагадгийн жишгээр амжилт, ололтод нь атаархсан зарим нэг заримдаг дарга, эрхлэгч, шалгагч, байцаагч, бичигч хүмүүс жилээс жилд өөдлөн дэвжиж яваа сургуулиас нь өө сэв эрж өөнтөглөх, зүүнээс ч хурц үзүүрээр хатган шүүмжилдэг. Улмаар сургуулийг тараах, өөр сургуультай нэгтгэх, нутаг заан шилжүүлэх, захирлын ажлыг булаах, үндэслэлгүй гүтгэх, нэр хүндийг нь унагаах, “Монгени”-ийг устгах “Барбарос” төлөвлөгөөг ч хэрэгжүүлж байлаа. Түүнчлэн сонин хэвлэлээр шүүмжлэн шуугьж, шүүх, цагдаа, Авлигатай тэмцэх газар, санхүү, хяналтын байгууллагын гэх мэтээр шил шилээ дарсан шалгалтын цуваа хөвөрч, энэ сургуульд дайралт давшилтын “дайн” хэдэн жилээр үргэлжилсэн боловч эцэстээ үнэний хүч ялж, “фронт командлагч” Лхагваа баатраар тодорсон түүхтэй. Тавд, Лхагва багшийг сурган хүмүүжүүлэх ухааны онолч, судлаач, шинийг сэдэгч, эрэлхийлэгч, ерөөс сэтгэгч хүн гэж үнэлж болно. Сургуулийн гадна, дотор буй самбарт бичсэн мэргэн үг цөм түүний оюунаас ундарсан. Ийм үгийг оюунлаг, эрдэмлэг, шинжлэх ухаанч, судлаач хүн л хэлнэ. Түүний олон жилийн сургалтын практик, амьдрал дундаас ажиглан сэрж мэдэрсэн, сэтгэж боловсруулсан сургалтын загвар, төрөлжүүлсэн хэлбэр, зэрэгцсэн агуулгын болон боловсролын ташуу хэмийн технологи, хүн төлөвшил-суурь соёл, босоо тогтолцоотой бүлэг сургууль зэрэг шинэлэг, бүтээлч санаа нь нэгэнт амьдрал дээр хэрэгжсэн. Түүнийгээ сургалтаар нотолж, практикт нэвтрүүлсэн олон ажлыг шинжлэх ухааны хэлэнд оруулахад л докторын диссертац болж, мөнхүү сэдвээрээ эрдмийн зэрэг хамгаалахад мөдгүй ойртсон байна.
Шинжлэх ухааны онол, нээлт, үзэл баримтлал гаргаж, шинэ мэдлэг бүтээх гэгч амаргүй. Ер нь онол оргүй хоосноос, хий хийсвэр санаанаас гардаггүй. Онол, нээлт, оновчтой санал, шинэ бүтээл ямагт практик хэрэглээнээс эхтэй. Зөв практик ажил, туршлага, прагматик хэрэглээ л онол төлжин ургах шимт хөрс болж, сая оюуны бүтээл (мэдлэг) төрдөг жамтай. Энэ үүднээс үнэлбэл судлаач Н.Лхагваагийн сэтгэж олсон, бодож боловсруулсан, туршиж баталсан, сургалтад нэвтрүүлсэн оюуны олон ажил нь боловсрол судлалын ухаан, тэр дундаа боловсролын дидактикт оруулсан томоохон хувь нэмэр, онолын түвшинд хэлэлцэх эрдэм шинжилгээний бүтээл болно.
Энэ өдрүүдэд “Монгени” сургуулийн 30 жилийн түүхт ой тохиож байна. 30 жил гэдэг нь хүний амьдралын тэн хагастай тэнцэх, багагүй хугацаа. Энэ хугацаанд Лхагваа захирал “Монголын боловсролын “Монгени цамхаг”-ийг барьж, бүтээн сүндэрлүүлсэн. Ганц цамхгаа ихэрлүүлэн олшруулж, өдгөө хотоос зайдуу, талбай ихтэй эдлэн газарт “Монгени” хотхон, “Бүлэг сургуулийн кампус” цогцолборыг цогцлоохоор дизайн, загвар, хийц, өнгө үзэмж төгөлдөр сүрлэг байгууламж бүхий барилгын зураг төсөл зохиолгож, их ажил эхлүүлэхээр санаа шулуудан, шамдан оржээ. Энэ хотхонд Монголын боловсрол, шинжлэх ухааны шинэ “цамхгууд” сүндэрлэнэ. Түүнээс гадна эргэн тойронд нь боловсролын үр шимээр төлжин ургасан олон бүтээн байгуулалт хийгдэх юм. Үүнд спорт, аялал жуулчлал, амралт сувилал, үзмэр музей, монгол эдийн болон оюуны соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээ багтана. Монголоо таниулсан, мандуулсан, гадаад, дотоод сурталчилгааны нэрийн хуудас энд л бичигдэх юм. Монгеничүүд бид хамтдаа Монголоо ертөнцийн чихнээ дуулиантайгаар дуурсгах болно гэдэгт үүнийг бичигч итгэл төгс байна.
“Монгени”-ийг урлах урт зам” (Лхагваагийн өөрийнх нь өгсөн номын нэр, 2009)-д Лхагва минь эцэж цуцаагүй, хүнд ачаа буулгад дарагдавч дардайсан, элдэв хов жив, атаа жөтөө, гүтгэлэг, дайралт, байцаалт, шийтгэл, зэмд өртсөн ч ноён нуруу нь хугараагүй. Элэгдэвч эвдрээ нь үгүй эрдэнэ шиг хүмүүний хайлан болсон, одоо цагийн ховор монгол эр хүн бол хөрөг дурсамжийн маань баатар Н.Лхагва. Тэрбээр гэртээ бол гэргийн халамжит хань, үр хүүхэд, ач зээдээ бол үлгэр дуурайлтай, билиг сургаалтай аав, өвөө. Ажил, сургууль дээрээ бол боловсролын шинэчлэлийн загалмайлсан эцэг, шилдэг удирдагч, шинийг санаачлагч, эрдэмтэй, соёлтой, сурган хүмүүжүүлэгч, Гавьяат багш. Улс эх орондоо бол шилдэг сор сэхээтэн, оюуны баялаг бүтээгч, өмч эзэмшигч, өв соёлын үйлдвэрлэгч, уран бүтээлч, хүмүүнлэг монгол иргэн, манай буурал Лхагва багш минь!
Бэлтгэсэн Д.Баттогтох