Австралийн биотехнологийн “Vaxxas” компани анх удаа, коронавирусийн эсрэг уураг бүхий вакцинтай наалт бүтээжээ. “Australian” сонинд бичсэнээс үзвэл уг наалтыг “SARS-CoV-2” вирусийн гол хувилбаруудыг саармагжуулах өндөр чадвартайг эрдэмтэд нотолсон байна. Тэд Хятадын Ухань хотод анх илрүүлсэн хувилбар дээр туршиж, дараа нь альфа, бета, гамма, дельта, каппа, ламбда, омикрон хувилбарын хариу урвалыг шалгасан гэнэ. Энэ оны дөрөвдүгээр улиралд Австралийн Брисбен хотод эхлэх туршилтаар наалтын хүнд үзүүлэх үр нөлөө, аюулгүй байдлыг тодорхойлох нь. Үүний дараа тэдгээрийг эхлээд дотоодын зах зээлд, дараа нь олон улсад гаргах гэнэ. Ирэх оны эцэс гэхэд тус компани жилд дор хаяж 300 сая наалт үйлдвэрлэхээр төлөвлөжээ. “Тариур, зүүнээс хямд өртөг бүхий наалтыг олноор үйлдвэрлэх нь хөгжиж буй орнуудад “Ковид-19”-ийн эсрэг тарилга хийлгэж чадахгүй байгаа хүмүүсийн вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлнэ” гэж тус компани мэдэгдэв.
Гурван см орчим диаметртэй, 12 мм зузаан, жижиг хавтгай хөнгөн цагаан цилиндр бүхий уг бүтээгдэхүүн нь аюулгүй байдлын хувьд өндөр үзүүлэлттэйг “Vaxxas” компани онцлон тэмдэглэлээ. Үүнийг хэрэглэгч мөрөндөө наахдаа вакцинтай капсулыг нь шахаж, бутлахад хангалттай гэнэ. Наалтад агуулагдах вакцин нь ямар ч температурт хэвийн байх бөгөөд 12 сар хадгалах боломжтой.