-Та сагсан бөмбөг, волейболоор хичээллэдэг байхдаа сургуулиа төлөөлж спортын тэмцээнүүдэд оролцдог байсан гэл үү?
-Би Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийг төгссөн. Байрныхаа гадаах ширээн дээр теннис тоглож, үеийнхэнтэйгээ өнждөг сөн. Гэрийн ойролцоо байрлах “Хоршоолол” нийгэмлэгт тамирчид бэлтгэл хийж, тэмцээнд оролцохыг байнга хардаг байлаа. Манай сургуулийн биеийн тамирын багш Чулуунбаатар, Баяжих, Пүрэвсүрэн нар анги тус бүрээс өндөр, биерхүү хүүхдүүдийг сонгож волейбол, сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн бэлтгэл хийлгэж, тэмцээнд сойдог байв. Саяхан сургуулийн минь 62 жилийн ойн баяр болж, үе, үеийн төгсөгчдийн дунд волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, дартсын тэмцээн зохион байгуулсан.
-Өндөр, биерхүү бүсгүйчүүд волейбол голдуу тоглодог. Та ч гэсэн нуруулаг. Сургуулийнхаа үе, үеийн төгсөгчдийн тэмцээнд оролцсон биз?
-Тийм ээ, оролцсон. Нэг үеийн төгсөлтийнхөнтэйгөө волейболын тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. Манай ангийнхан нэгэнтэйгээ одоо ч холбоотой байдаг. Тэмцээний үеэр нөхөдтэйгөө уулзаж, сурагч ахуй нас, хүүхэд байх үеийнхээ хөгжилтэй дурсамжуудыг хуваалцах сайхан байлаа. Багийн спортод амжилт гаргахын тулд тамирчид авьяас, ур чадвараас гадна ухаан их зарцуулдаг. Бид мэргэжлийн тамирчид биш тул тэмцээнд хурд, хүч гаргахаас илүү арга, эв дүй, ухаан зарцуулж тоглосон.
-Зурагтын суваг болгон спортын нэвтрүүлэгтэй. Та ямар тэмцээн сонирхож үздэг вэ?
-Надад олимпын наадмын тэмцээн их таалагддаг. Завгүй ч байсан ч хааяа зав гаргаад тухалж үзэх дуртай. Намайг сурагч байхад 1980 онд Москвад олимп болсон юм. Бидний үеийнхэнд олимпын тэмцээн хамгийн гоё, сонирхолтой санагддаг сан. Тэр үед өнөөгийнх шиг олон кинотеатр, үзвэр үйлчилгээ байсангүй. Зурагтаар Оросын суваг дээр олимпын тэмцээн гарах цагийг догдолж хүлээнэ. Би олимпын наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлөөс волейбол их сонирхдог. Тэр дундаа Орос, Кубын волейболын шигшээ багийн эмэгтэйчүүдийн тоглолтыг дэмжиж, үздэг байсан даа.
- “Бүх одод”-ын тэмцээнд таныг сагсан бөмбөг тоглож байхыг нэг бус удаа харсан. Тэр тоглолтоос танай багийнхан медаль хүртсэн санагдах юм.
-Би тус тэмцээнийг зохион байгуулахад сагсан бөмбөг, волейболын төрөлд уран бүтээлчидтэйгээ хоёр удаа оролцсон. О.Энхтуул, И.Одончимэг, би гээд үеийн уран бүтээлчид нэг баг болж тоглодог байлаа. Тус тэмцээнд урлагийнхнаас гадна олимпын аварга, олны танил тамирчид оролцдог тул нөхөрлөлийн хүрээгээ тэлж, сайхан найз болдог юм. Манай багийнхан сагсан бөмбөгийн тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртэж байв. УДЭТ-ын эмэгтэйчүүдийн баг ямар ч тэмцээнд сайн өрсөлддөг. МҮОНТВ, урлагийн 20 гаруй байгууллагын багийнхан хоорондоо тоглоход УДЭТ-ын эмэгтэйчүүдийн баг волейболын төрөлд эхний гурван байрт шалгарч медаль гардсан. Уран бүтээлчид спортынхноос дутахааргүй хор шартай. Аваргын төлөө амархан бууж өгөхгүй, өрсөлдөгч багийнхантай ана мана тоглодог.
-Спорт сонирхдог хүмүүс аливаа зүйлд хариуцлагатай ханддаг болдог юм билээ. Өөрийгөө энэ тал дээр хэр сайн гэж дүгнэх вэ?
-Би өглөө эрт босдог. Гэрийнхэндээ зориулж цай, хоол зэхэх дуртай. Иог, фитнесээр хичээллэхэд сэтгэл тайвширч, уран бүтээл хийх урам зориг өгдөг. Уран бүтээлчид зүгээр суудаггүй. Энд тэнд киноны зураг авалт, уран бүтээлийн тоглолтод оролцох зэргээр байнга хөдөлгөөнтэй, завгүй амьдардаг. Хөдөлгөөн хязгаарлагдахаар бие сонин болж, ядраад байгаа мэт санагдана. Тийм үед дасгал, хөдөлгөөн хийхэд сэтгэл сэргээд, эрч хүчтэй болдог шүү.
-Спортоор сонирхож хичээллэж байсны давуу талыг уран бүтээл туурвихдаа ч мэдэрдэг үү?
-Уран бүтээлч, тамирчид олонтой ойр байдаг. Нэг нь урлагийн тайз, нөгөө нь спортын талбарт авьяас, ур чадвар, мэдрэмж туршлагаа харуулна. Тиймээс аль, аль нь ажил, бэлтгэлийн ачаалал даах тэвчээртэй болсон байдаг шүү дээ. Урлагийнхан ч гэсэн ялагч, тэмцэгч, тэмүүлэлтэй байхыг эрмэлздэг зангаараа спортынхонтой төстэй. Хүүхэд байхдаа волейбол, сагсан бөмбөг тоглодог байсан минь хожим олон зүйлийг бие, сэтгэлийн хат, тэвчээрээр давж сурах хэрэгтэйг ойлгуулсан. Үүний ачаар өөрийгөө олон уран бүтээлийн ард амжилттай гарсан гэж боддог. Спорт намайг зөвхөн урлагийн салбарт ч биш, амьдрал дээр ч хүлээцтэй, хатуужилтай болгосон санагддаг. Уран бүтээлч бидний хамгийн том хүндлэл бол үзэгч. Тиймээс сайхан уран бүтээл хүргэхийг үргэлж хичээдэг юм.