Цадигаа алдсан, мэдээлэлд ойр эрх мэдлээ урвуулсан цагаан захтнуудын учруулсан гэмт хэргийн ирээдүйн хор уршиг асар их. Өнөөдрийн өөхийг бодож хэн нэгний өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар өгсөн таван төгрөг нь ирээдүйд монголчуудын эрх ашигт маш их сөрөг нөлөө учруулах билээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн тайлангаас үзэхэд энэ оны эхний хагас жилд тус газрын шалгасан гэмт хэргийн улмаас 2 061 324 104 812 (хоёр их наяд жаран нэгэн тэрбум гурван зуун хорин дөрвөн сая нэг зуун дөрвөн мянга найман зуун арван хоёр) төгрөгийн хохирол учирсан байна. Тэд энэ хугацаанд 1246 үйлдэлтэй, 754 хүн холбогдсон 1046 хэрэг шалгасан нь 2021 оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.2 хувиар өссөн үзүүлэлт юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдийн шалгасан хэргүүдийн дийлэнхийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл эзэлжээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн дээрх зүйл заалтаар 692 хэрэг шалгасан нь нийт хэргийн 66.2 хувь нь болсон аж. Хахууль авсан гэмт хэрэг 164 буюу 13.2 хувь, хахууль өгсөн нь 96 (7.7 хувь), төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан 14, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 35, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан 22 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан байна.
рэнд
Хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 33 буюу 4.4 хувийг улс төрийн, 77 буюу 10.2 хувийг төрийн захиргааны, 42 буюу 5.6 хувийг төрийн тусгай, 52 буюу 6.9 хувийг төрийн үйлчилгээний, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн 10 буюу 1.3 хувийг, 540 буюу 71.6 хувийг албан тушаалтан эзэлж байна. Үүнээс үзэхэд дийлэнхдээ цагаан захтнууд, өөрсдөдөө давуу байдал бий болгох гэсэн аж ахуйн нэгжийн удирдлага, төрийн дунд шатны албан тушаалтнууд албан тушаалаа урвуулдаг, хээл хахууль авч, өгөлцдөг гэж дүгнэж болохоор.
“ХӨГЖЛИЙН БАНКНЫ” ГЭХ ХЭРЭГТ
80 ХҮНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ
Авлигын гэмт хэргийн улмаас хоёр их наяд гаруй төгрөгийн хохирол учраад буйг эхэнд өгүүлсэн. Үүний багагүй хэсэг нь “Хөгжлийн банкны” гэх улстөрч, эл банкны эрх бүхий албан тушаалтнууд, ТУЗ-ийн гишүүд, аж ахуйн нэгжийн удирдлагын албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон, хахууль өгч, авч, мөнгө угаасны улмаас төрд учруулсан хохирол гэж хэлж болно. Хөгжлийн банкны ТУЗ, Зээлийн хорооны гишүүд эрх мэдлээ урвуулж, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй, авсан зээлээ төлөөгүй, аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчин давуу байдал олгосон, үүнийхээ хариуд үл хөдлөх хөрөнгө зэргээр хахууль авсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тогтоогоод буй. Ингэж давуу байдал үүсгэн 2 383 007 436 094 (хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум долоон сая дөрвөн зуун гучин зургаан мянга ерэн дөрөв) төгрөгийн зээл олгосон байдаг. Эл хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 259 857 995 074 (хоёр зуун тавин есөн тэрбум найман зуун тавин долоон сая есөн зуун ерэн таван мянга далан дөрөв) төгрөгийг зарим аж ахуйн нэгж Хөгжлийн банканд төлсөн байгаа юм.
Эл хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд мөрдөн шалгах ажиллагааны явцад 47 аж ахуйн нэгж, 61 иргэний 664 үл хөдлөх хөрөнгө, 763 тээврийн хэрэгсэл, арилжааны банкууд дахь 104 харилцах болон хадгаламжийн данс, 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан аж. Мөн яллагдагч нарын өмчлөлийн 40 үл хөдлөх хөрөнгө, 18 тээврийн хэрэгслийг битүүмжилчихсэн байна. Хөгжлийн банкны гэх хэрэгт өдгөө 80 хүнийг яллагдагчаар татсаныг ч хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд мэдээлэв. Өнгөрсөн өвөл тус банкны зээлтэй холбоотой дуулиан дэгдсэнээс хойш хэрэг бүртгэлтийн маш олон хэрэг шалгаж, НПГ-ын ажлын хэсгийнхэн 15-д нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг. Түүнээсээ 11-ийг нь нэгтгэсэн аж. Өдгөө мөрдөн байцаалтын дөрөв, хэрэг бүртгэлтийн 22 хэрэгт прокурорууд хяналт тавьж буй гэсэн.
Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дөрвөн хэрэгт улс төрд нөлөө бүхий таван албан тушаалтан буюу УИХ-ын нэр бүхий гишүүд яллагдагчаар татагдсан. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлж байсан ч хамгаалаад үлдсэнийг уншигчид санаж буй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай холбоотой, Хөгжлийн банкнаас “Хөтөл”, “Кью Эс Си” компанид зээл олгосон үйлдэлд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан, “Фортуна” гэдэг нэрээрээ танил болсон Н.Батбаярыг оролцуулснаар таван улстөрч яллагдагчаар татагдсан. Тэдэн дээр Хөгжлийн банкны болон төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан 51, аж ахуйн нэгжийн удирдлага 24 гээд нийт 80 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж байна.
ТӨРИЙН ӨМЧИЙГ БУЦААН АВСНААР
957 ТЭРБУМЫН ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭВ
Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хоёр их наяд гаруй төгрөгийн хохирлоос АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөн шалгах ажиллагааны явцад 1 235 701 691 027 (нэг их наяд хоёр зуун гучин таван тэрбум, долоон зуун нэг сая, зургаан зуун ерэн нэгэн мянга, хорин долоо) буюу 60 хувийг нь нөхөн төлүүлээд буйгаа АТГ-ынхан энэ оны эхний хагас жилийн тайландаа танилцуулсан юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй 22 хүнд холбогдох, албан тушаалаа урвуулж түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон гэх хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд 957 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх 22 хүнд холбогдох хэргийг шалгах явцад төрийн өмчид байсан Хөтөлийн цемент шохойн болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд менежментийн хувьчлал нэрийн дор үнэ төлбөргүй шахам өгсөн нь тогтоогдсон аж. Худалдаа, хөгжлийн банкныхны хамаарал бүхий “Бэйзмент” болон “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хооронд 2011 нэгдүгээр сарын 17-нд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тухайн үеийн ТӨХ-гоор батлуулсан байдаг. Улмаар “Бэйзмент” ХХК нь 2016 онд нэрээ “Хөтөл” ХХК болгон өөрчилж, түүгээрээ “Цементийн үйлдвэрлэлийн чулуунцар үйлдвэрлэх технологийн II шугамыг хуурай аргад шилжүүлэн цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тн хүргэж өргөтгөх, ил уурхай, автотээврийн цогцолбор байгуулах” менежментийн хувьчлал хийх нэрээр Хөгжлийн банкнаас таван жилийн хугацаатай, жилийн 8.1 хувийн хүүтэй, 61 265 000 ам.долларын зээл 2012 оны аравдугаар сарын 19-нд авсан. Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор мөн оны дөрөвдүгээр улиралд 100 хувь хувьчлах ажлыг хэрэгжүүлж, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлах доод үнийг нэг тэрбум 386 сая 106 мянга 400 төгрөгөөр тогтоож “Бэйзмент” буюу “Хөтөл” ХХК-д санал болгон худалдахаар болсон байдаг. Ингэхдээ төрийн өмчийг төрийн мөнгөөр худалдаж авах аргаа хэрэгжүүлсэн гэж хууль сахиулагчид үзсэн юм.
Мөн Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг 230 сая тоннын нөөцтэй орд газартай нь эзэмшилдээ оруулаад байсан. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж, 2012 онд концессын жагсаалт шинэчлэхдээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг багтааж, улмаар “Кью Эс Си” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн аж. Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий уг компанитай шууд гэрээ байгуулах болсон шалтгаан нь “Кью Эс Си” ХХК “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т 81.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх үндэслэлтэй нь холбоотой. Уг концесст шинэчлэн сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэхээр гэрээг байгуулж, “Кью Эс Си” ХХК 30 жил төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшээд ямар нэг хохирол, төлбөргүйгээр улсад буцаан өгөхөөр тусгасан байдаг. Мөн тус үйлдвэрийн өрийг ч төлөхөөр болсон. Төмөрлөгийн үйлдвэрт 700 сая ам.долларын хөрөнгө оруулж, төмрийн хүдэр баяжуулах болон ангижруулсан төмрийн үйлдвэр барих, төмөр зам тавих, техник, технологийг нь шинэчлэхээр гэрээнд заасан ч гэрээний үүргээ биелүүлээгүй, төрийн өмчийг татвар төлөгчдийн мөнгөөр авсан хэмээн буруутгагдсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх хугацаанд төрийн өмчийг хууль зөрчин хувьчилсан гэдэг нь тодорхой болсон учраас улсад буцаан авахаар болсон юм билээ. Ингэснээр Хөтөл дэх “Цемент шохой” болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн өртөг 957 тэрбум төгрөгийн хохирол улсад нөхөн төлөгдсөн гэж үзэж болох нь.
Зөвхөн дээрх хоёр төрийн өмчит компанитай холбоотой үйлдлээс гадна авлигын олон хэрэгт эд хөрөнгө битүүмжлэн хамгаалсан аж. АТГ-ын тайланд дурдсанаар байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 382.7 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэх үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжилсэн гэнэ. Мөн хахуулийн дөрвөн тэрбум гучин долоон сая төгрөг хураан авч, улсын орлого болгосон байна. Эл тоон мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.1, хохирол нөхөн төлүүлэлт 13.9, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 3.4 дахин өссөн үзүүлэлт гарчээ.
АТГ-ынхан авлигын гэмт хэргийг шалгах явцдаа албан тушаалтнуудын гадаадад гаргасан хөрөнгүүдийг илрүүлэн битүүмжлэн хамгаалалтад авсан тохиолдол нэг бус. Ингэж хамгаалсан хөрөнгүүдээс шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон нь ч байна. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан З.Ганбаатар 2003-2012 оны хооронд 78.3 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан их хэмжээний санхүүжилт авах, удаан хугацаанд хамтран ажиллах гэрээ ОХУ-ын “СП ЗАО ИВС” хамтарсан үйлдвэрийн захирал Алексей Владимирович Зиминтэй байгуулсан. Улмаар түүнээс их хэмжээний хахууль “Эрдэнэт үйлдвэр”-ийн Техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехийн ажилтан Л.Дэлгэрбатын Британийн Виржинийн аралд байгуулсан “Process control intelligent application” компанийн Латви улсын “As Citadele” банкан дахь ам.долларын дансаар дамжуулан авсан. Мөн Г.Эрдэнэчулуун гэх хүний нэр дээрх “Power Wit limited” компанийн Хонконгийн NSВС банк дахь данс руу 2010-2012 оны хооронд нийт 3.4 сая орчим ам.доллар шилжүүлэн авсан гэм буруутайд шүүх тооцсон. З.Ганбаатар уг хахуулийн мөнгөнөөсөө 569 мянган фунт стерлинг буюу 1.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютаар Английн Лондон хотод 110 ам метр талбай бүхий орон сууц худалдан авсан байдаг. Уг хөрөнгийг нь АТГ-ынхан Авлигын эсрэг конвенцод заасны дагуу гадаад улстай хамтран ажилласны дүнд битүүмжилснийг шүүх З.Ганбаатарын учруулсан хохиролд тооцуулахаар өнгөрсөн дөрөвдүгээр сард шийдвэрлэсэн билээ. Энэ мэтээр АТГ-ынхан авлигыг том, жижиг гэлгүй бүгдийг нь шалгаж, улс, нийтэд учирсан хохирлыг нь нөхөн төлүүлэхээр ажилласаар байна.