Хөвсгөл аймгийн Төв музей ажлын болон амралтын өдрүүдэд ажиллахын зэрэгцээ Хатгал тосгонд буюу Хөвсгөл нуурын эрэгт гэр музей нээжээ. Тус гэр музейд угсаатны зургаан бүлгийн үүсэл хөгжил, онцлог бүхий эд эдлэлийг дэлгэн үзүүлж буй аж. Хөвсгөл аймагт 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулж, 1967 онд Орон нутаг судлах музей болгожээ. Тухайн үед музейн сан хөмрөг нь 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байсан бол 1987 оноос дэргэдээ амьтны хүрээлэн байгуулж, ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж, иргэдэд сонирхуулдаг болсон байна. Орон нутаг судлах музейд 2010 онд байнгын танхим шинээр дэглэж, өдгөө сан хөмрөгтөө 4300 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн гурван танхимтай үйл ажиллагаа явуулж буй.
Бэлтгэсэн А.Хангал