Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан олон арга хэмжээг уран бүтээлчид зохион байгуулж байна. Тодруулбал, наадмын өдрүүдээр Монгол Улсад орчин үеийн дүрслэх урлагийн салбар байгуулагдсан буюу Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойн хүрээнд “Монгол хүн, монгол ирээдүй, монгол бахархал” уриан дор “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ зохион байгуулна. Уран зураг, уран баримал, монгол зураг, зураасан зураг, чимэглэх урлагийн 90 гаруй бүтээл дэлгэх тус үзэсгэлэн энэ сарын 16 хүртэл Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ. Түүнчлэн Үндэсний урлагийн их театрынхан “Дэлхийд гайхагдсан Монгол” тоглолтоо долдугаар сарын 8 хүртэл өөрийн театрт, 11-д Соёлын төв өргөөнд, 9, 10, 12-17-нд Улсын хүүхэлдэйн театрт тоглох аж. Эл тоглолтод Үндэсний хөгжмийн их найрал, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит дууны чуулга, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм. Өнөө жил Морин хуурын чуулгын 30 жилийн ой тохиож буй. Тус хамт олон эл ойгоо угтан “Монголын сайхан орон” тоглолтыг орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулах гэж байна. Эл тоглолт энэ сарын 12-нд Соёлын төв өргөөнд болно.