Уржигдар орой орсон түр зуурын бороо улаанбаатарчуудыг сандаргав. Орон сууцын дээвэр хууларч, хүүхдийн тоглоомын талбай нурлаа. Гэр хорооллын айлууд усанд автаж, гудамжууд нь нүхэн жорлонгийн бохирт эзлэгдэв. Авто замууд гол болж хувирлаа. Хотын төвийн гудамж, талбайд их хэмжээний хог хаягдал урсан орж ирэв. Бороо орж, тоос, шороо, улиасны унгирлыг дараасай хэмээн мөрөөсөл болж байсан нийслэлчүүд “ам руугаа алгадууллаа”. Тэд ямар “хэврэг”, тэсвэргүй хотод амьдарч байгаагаа дахин харлаа, мэдэрлээ.
Засгийн газар сүүлийн жилүүдэд аюулгүй, гамшигт тэсвэртэй хотын тухай уйгагүй ярьж, нийслэлийг ийм болгох зорилт дэвшүүлэн, олон улсын байгууллагуудтай хамтран энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсээр буй. Харамсалтай нь, Улаанбаатар жилээс жилд улам л аюултай, гамшигт тэсвэргүй хот болсоор байгааг зуны хэдхэн сард ордог аадар бороо хангалттай харуулах болов. 20-хон минутын борооны ая даахгүй энэ хотод хоёр цаг аадар асгарвал, хоног дамжин тэнгэр уйлагнавал, байгалийн гамшиг нүүрлэвэл юу болохыг төсөөлөхөд бэрх. Бид гамшигт үзэгдэл гэхээр газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, цунами, томоохон гол, нуураас үүдэлтэй үер, хар салхи зэргийг төсөөлдөг. Яг үнэндээ төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй, стандарт, журам хэрэгждэггүй хотод түр зуурын бороо хүртэл аюулт үзэгдэл, гамшиг болдог аж. Бид энэ “гамшиг”-ийг хор хохирол багатай даван туулахын тулд наанадаж авто замуудыг борооны ус зайлуулагчтай болгох, барилга, байгууламжуудыг стандартад нийцүүлэх шаардлагатай. Цаашлаад хөрсний бохирдол, ил задгай хог хаягдал, нүхэн жорлонгоос ангижрах хэрэгтэйг сануулсаар байна. Бороо орох бүрт сандралдаж, эвдэрсэн зам, нурсан барилга, байгууламжаа бүртгэдэг, гэр хорооллын нүхэн жорлон, угаадасны нүх “угаасан” бохир ус туучдаг байдлаасаа даруй салъя.
“Өнгөрсөн бямба гарагт 19.00 цагийн үед орсон борооны улмаас нийслэлд найман гэр, долоон байшин усанд автсан. Таван байшингийн дээвэр хууларч, хоёр гэр нурсныг аюулгүй болгож, үерийн усыг соруулан, зам, талбайг цэвэрлэсэн” гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв. Харин хотын төвд урсан орж ирсэн хог хаягдлыг хоёрдогч түүхий эдийн цэгүүдийнх хэмээн нийслэлээс мэдээлсэн бөгөөд үүнийг цэвэрлэж, ариутгахад хот тохижилт, үйлчилгээний 70 гаруй ажилчныг дайчилсан гэлээ. Авто зам, замын байгууламжийн эвдрэл, орон сууцын хотхон, хорооллуудад гарсан осол зэргийг бүрэн нэгтгэж, хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байгааг онцгой байдлын газрынхан өчигдөр хэлэв. Үүний өмнөх өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумд дуу цахилгаантай аадар бороо цаг хэртэй үргэлжлэн орсны улмаас хоёр айлын гэр урсаж, 16 өрхийн 1800 гаруй мал хорогдсон харамсалтай мэдээг албаныхан танилцууллаа. Хэрэв энэ бороо Улаанбаатарт орсон бол нийслэлчүүд дэндүү ихийг алдаж, хохирох байв.