Морин хуурын чуулгын дэргэдэх морин хуур сургалтын “Хуурчийнхан” төвөөс санаачилсан Европ дахь Морин хуурын анхдугаар наадмыг энэ сарын 28,29-нд зохион байгуулах гэж буй аж. Үүнтэй холбогдуулан “Хуурчийнхан” төвийн Европ дахь салбарын тэргүүн, “Хөх Монгол” хамтлагийн гишүүн, морин хуурч Б.Золзаяагаас мэдээллийг тодруулсан юм.
-Наадмыг аль улсын аль хотод зохион байгуулах вэ?
-ХБНГУ-ын Инголштадт хотод явуулна. Энэ хотоос “Хөх Монгол”, “Эгшиглэн”, “Бөртэ” гээд монгол хамтлагууд ажил, амьдралын гараагаа эхэлсэн түүхтэй болохоор сэтгэлд өег байдаг. Энэ хотынхон монголчууд бидэнд бүхий л талаар тусалж ирсэн. Ялангуяа Монгол Улсын Соёлын элчээр ажилладаг Руди Вагнерын тус дэм их. Тэрбээр бидэнтэй 25 жилийн турш хамт байна. Европт олон жил ардын урлагаа таниулж яваа “Хөх Монгол”, “Эгшиглэн”, “Зэдаа” хамтлагийн залуучууд Морин хуурын наадмаа гар сэтгэл нийлэн хамтран зохион байгуулах гэж байна.
-Анхдугаар наадмаа сайн зохион байгуулбал цаашдын зүг чиг сайн тодрох болов уу. Ямаршуу байдлаар явуулах гэж байна вэ. Хөтөлбөр бэлэн болсон уу?
-Хөтөлбөр гарсан. Наадам хоёрхон өдөр үргэлжилнэ. Тийм хэдий ч олон ажил багтаасан. Морин хуур сонирхогчдын уралдааныг бага, өсвөр нас болон насанд хүрэгчдийн гэсэн 3 ангиллаар явуулах юм. Уралдаанд орлцогчид Европын орнуудаас төдийгүй АНУ-аас зорьж ирнэ. Морин хуур судлалаарх эрдэм шинжилгээний бага хурал болно. Монгол Улсаас, ӨМӨЗО-оос, АНУ-аас гэхчилэн нийт 14 судлаач илтгэл ирүүлснээс шүүгчдийн дүгнэлтээр наймыг нь наадмын үеэр хэлэлцүүлэх болсон. Монголын ардын урлагийн хамтлагууд болох “Эгшиглэн”, “Хөх Монгол”, “Зэдаа”, “Бөртэ”, “Транс Монгол”, “Хатан”, Морин хуурч Энхжаргал ах зэрэг олон уран бүтээлчийн нөлөөгөөр монгол хөгжим зөвхөн Германд төдийгүй Европын үзэгчдэд хэдийн танил болсон учир монгол ардын хөгжим морин хуур, их хуур, ёочин, шударга, ятга, лимбэ, бишгүүр, эвэр бүрээ гэсэн хөгжмийн зэмсгийг танилцуулах дэд арга хэмжээтэй. Бас морин хуур хөгжмийн бүтцийг тайлбарлаж, задалж үзүүлэхийн зэрэгцээ морин хуур хөгжмийн худалдаа явуулж, засвар ч хийнэ. Ийм зорилгоор Монголоос хуур урлаач СГЗ П.Байгальжав гуайг урьсан. Танхим, өрөөнүүдэд янз бүрийн арга хэмжээтэй байх бөгөөд Европ дахь монгол хамтлагуудын тоглолтыг гадаа задгай тайзнаа цагийн хуваарийн дагуу явуулсаар байх юм. Морин хуур, хөөмий, уртын дууны мастер класс хичээлтэй. Наадмын хүрээнд үзүүлэх нэгэн онцлох арга хэмжээ бий. Инголштадт хотод зургаан монгол айл байнга оршин суудаг юм. Эдгээр айлын хүүхдүүд нийлээд "Хөхөө Намжил" хүүхдийн дуулалт жүжиг бэлтгэсэн. Үүнийгээ монгол, герман хэлээр үзэгчдэд хүргэнэ. Энд дурдсан арга хэмжээнүүд, наадам маань тус хотын “Volkshochschule” сургуулийн байранд болох юм. Эндхийн их, бага танхим, бүхий л өрөөнүүдийг бидний мэдэлд өгсөн. Энэ ялдамд хэлэхэд монголчуудын зохион байгуулах гэж буй Европ дахь Морин хуурын анхдугаар наадмыг Инголштадт хотын Соёлын газраас дэмжиж байгаа юм. Наадмыг зохион байгуулах байр танхимаар хангаж буйн зэрэгцээ 10 мянган евроны санхүүжилт олгосон. Мөн наадмын нээлтийг үндэсний хувцастай жагсаалаар эхэлж, хотын төв талбайд хүрч очих зэрэг ажлыг дэмжиж, замын хөдөлгөөнөө хүртэл зохицуулж өгч байгаа. Мөн Монгол Улсаас ХБНГУ-д суугаа элчин сайд Б.Мандахбилэг манай хотын хүндэт дэвтэрт гарын үсэг зурах ёслол болно. Элчин сайдын яамнаас бүх талаар тусалж дэмжиж байгаад маш их талархаж байгаа.
-Нарийн, нягт зохион байгуулалттай ажил болох гэж байгаа юм байна. Монголчууд нэр хүндтэй бололтой.
-Тийм ээ. Түрүүнд нэр дурдсан Монгол Улсын Соёлын элч Руди Вагнерын тус, нөлөө их. Бид хотынхоо соёл урлагийн арга хэмжээнүүдэд байнга ая дуугаа өргөдөг болохоор аргагүй байх. Харин Европт байгаа хамтлагуудад мэргэжлийн уртын дуучин байдаггүйтэй холбоотойгоор Германд уртыг дуу сайн танигдаагүй. Тийм болохоор энэхүү анхдугаар наадмын хүрээнл уртын дуугаа нэлээд сурталчлан танилцуулах зорилгоор Монголоос уртын дуучин Д.Үүрийнтуяаг урьсан. Ер нь эх орноос маань есөн уран бүтээлч ирэх юм. Морин хуурын чуулгаас удирдаач Д.Түвшинсайхан, “Батчулуун” сангийн тэргүүн Б.Алтантуул эгч, Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчдийн нэг О.Төмөрхуяг, СУИС-аас эрдэм шинжилгээний бага хуралд Х.Ариунаа, манай наадмын тухай нэвтрүүлэг хийхээр JUNE продакшн гээд нэрлэж болно. Зочдын минь онгоцны зардалд МИАТ 20 хувийн хөнгөлөлт үзүүлсэнд бид маш их баярлаж байгаа. Наадмын эхний өдрийн 19.00 цагаас нийт уран бүтээлчдийн “Монгол аялгуу” хамтарсан тоглолт болно. Онцолж сонирхуулах номер бий. Нэрт хөгжмийн зохиолч З.Хангалын ач охин, төгөлдөр хуурч Б.Сарнай өвөөгийнхөө бүтээл болох морин хуурын концертыг морин хуурч О.Төмөрхуягтай хамтарч тоглох юм.
-Үнэхээр том ажил болох нь. Зардал нэлээд гарах уу?
-Олон хүн цуглах тул байрлуулах, хооллуулах гээд нэлээд юм болохоор байна. Европын орнуудад үйл ажиллагаа явуулдаг нийгэмлэгүүд мөн монголчууд маань дэмжиж, хандив илгээсээр байна. Энэ дашрамд хэлэхэд монгол урлагаа сурталчлахад хувь нэмрээ оруулах хүсэлтэй хувь хүн, албан байгууллага бидэнд хадив өгвөл маш талархалтайгаар хүлээн авах болно оо. Морин хуурын чуулгын дэргэдэх “Хуурчийнхан” төвөөс санаачилсан Морин хуурын наадам нь АНУ-д хоёр удаа маш амжилттай зохион байгуулагдсан. Тэд маань бидэнд арга туршлагаа хуваалцаад хамтарч ажиллаж байгаад бид маш их баяртай байгаа. Цаашдаа Америк, Европ гээд хоёр тивд жил жилд ээлжлээд явах учир морин хуур хөгжмийг сонирхогч гадныханд төдийгүй гадаадад төрж өссөн монгол хүүхдүүд, тэнд амьдарч буй монголчуудад улам өргөн хүрээнд таниулах сайхан боломж бүрдэнэ гэж харж байна. Бидэнтэй энэ ажлыг хамтран эхлүүлсэн “Эгшиглэн” хамтлагийн морин хуурч Ж.Төмөрсайхан ах минь бидний дунд байхгүй ч бид эхлүүлсэн ажлаа үргэлжүүлж уралдаандаа түүний нэрэмжит шагналыг олгоно.
-Морин хуур биднийг хаана ч хүргэж, хаанахын хэнтэй ч уулзуулах юм даа.
-Тийм ээ. Хуураа дээдэлж явахад ажил үйлс аяндаа бүтдэг дээ.