Өдөр нь эмгэн харагдаж, шөнө нь үзэсгэлэнт бүсгүй болон хувирдаг гэх хөөрхөн ажаагийнд аймгийн төлөөлөгч царайлаг залуу мал тооллогоор очиж хонох болов. Эзгүй говьд ганц гэрээр өвөлжих “Хөөрхөн ажаа” нэр, насаа ч хэлж мэдэхгүй нь жигтэй.
Төрийн шагналт, зохиолч Д.Норовын “Хөх тавилан” туужаас сэдэвлэсэн, ижил нэрт киноны нээлт өнгөрсөн баасан гарагт “Prime cineplex” кинотеатрт болов. Киног “А артист” продакшн бүтээж, продюсероор Б.Пунсалмаа, найруулагчаар Т.Алтантуяа ажиллажээ. Тус киноны гол дүрд жүжигчин А.Баярцэцэг, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, дуучин Б.Баярмандах нар тоглосон юм. Жүжигчин А.Баярцэцэг “Үнэхээр гайхалтай, хүний дотоод сэтгэлийг хөндөхүйц зохиол. Түүнээс сэдэвлэсэн кинонд тоглохдоо зургийг нь ээж, аавынхаа төрсөн нутагт авхуулсан. Мөн Ардын жүжигчин А.Гүрсэд, Гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал нарын чадварлаг уран бүтээлчтэй хамтарч ажилласандаа баяртай байна” гэв.
Төрийн шагналт зохиолч Д.Норов агсан “Манай Говь-Алтайд аль нутгаас нүүж ирсэн нь мэдэгдэхгүй, төрөл садангүй, ганц бие эмгэн амьдарч байгаад өөд болсон юм. Яагаад ч юм бэ, надад сонин санагдаж, ургуулан бодсоор хөөрхөн эмээгийн дүр төрсөн дөө. В.Инжинаш “Аливааг бодитоор бичих, байсан мэт сэтгэх, санаанаасаа хийсвэрлэх гэсэн гурван төрлөөр бичиж болно” гэсэн байдаг. “Хөх тавилан”-г хийсвэрлэх аргаар бичсэн. Манайхан хийсвэрлэлийг өрнөдийн утга зохиолоор төсөөлж, дуурайх юм. Гэтэл монголчууд эрт дээр үеэс л хийсвэрлэж ирсэн шүү дээ. Үлгэр домог, хууч яриа, туульст дүрслэгддэг чөтгөр шулам, арван таван толгойтой атгаалжин хар мангас, нисдэг морь, тийрэн бол бидний оюун санаанаасаа төсөөлөн бий болгосон хийсвэрлэл. Бас зөн билэг, бэлгэдлийг үлгэр домогтоо шингээдэг. Бид үүнийгээ л хөгжүүлж, зохиолынхоо зохиомжид өөрийн болгоод оруулбал болохгүй юмгүй” хэмээн “Хөх тавилан” туужийнхаа талаар ярьсан нь бий.
“Хөх тавилан” уран сайхны киноны зургийг Говь-Алтай аймгийн Цогт сумд гурван жилийн турш авчээ. Тэнд киноны гол үйл явдал өрнөдөг Ээж хайрхан бий. Ээж хайрхны дөрвөн улирлын зүс дуу алдам харагдана. Бүсгүй хүний зовлон жаргал, мөн чанарыг торгон мэдрэмжтэйгээр “товшсон” эл бүтээлийн талаар Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар “Нутгийн минь сүүн булаг, сүлдэт уул, шүтээн хайрхан амилж үрийн домог, үйл заяаны тавиланг хүүрнэх мэт санагдлаа. Цаг нь ирж, нөхцөл нь бүрдэхийн цагт цадиг түүх аандаа бичигдэнэ. Энэ хэдэн залуус ээжийнхээ сэтгэлийг тэмтэрч, эрх хонгор насыг минь санагдуулж, энэ цагийн аясыг мэдэрч кино ший бүтээж хорвоогийн жаргал зовлонг дуулахыг хүсжээ. Алтайн өвөр говьд ижий нь амсхийж, араг савраа дэрлэн зүүрмэглэчихэж. Аж богд, Бурхан буудай аньсаган дунд минь бөртөлзөнө. Амьдрал шүү дээ, энэ орчлонд ирж, буцахын тавилан ээлжилнэ. Амьдрал гэдэг чинь хайр нь асгарсан халуун сэтгэл, аз жаргалыг бүтээх тэр л агшин юм. Үрс минь эх байгалиа шүт. Тэнд хувь тавилангийн ил, далд эргүүлэг ончирч байдаг юм” хэмээсэн.
Ташрамд дурдахад, “Хөх тавилан” киног Бээжин, Хонконг, Каннын кино наадамд оролцуулсан. Мөн Венецийн кино наадмын сүүлчийн шалгаруулалтад шилдэг кинонуудын нэгт багтаж, Флоренцын 41 дэх удаагийн Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадмаас шилдэг жүжигчний шагнал хүртэж байв.
Бэлтгэсэн: А.ТАЙШИР