Монгол Улсын Филармони энэ жил гурван чухал ойн баярыг үзэгч түмэнтэйгээ хамт тэмдэглэх нь. Улсын Филармонийн захирал С.Баттулга, Морин хуурын чуулгын Удирдаач Д.Түвшинсайхан, Уран бүтээлийн албаны дарга З.Хосбаяр нар энэ талаар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тодорхой хэлбэл, энэ жил Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн 50, Симфони найрал хөгжим үүссэний 65, Морин хуур чуулгын 30 жил тохиож буй. Тиймээс хөгжмийг хүн бүрийн сэтгэлд уянгалуулахаар олон талт томоохон ажлуудыг зохион байгуулах нь. Тэр дундаа хүүхэд залуучуудад зориулж, тэдний урлагийн мэдрэмж, хөгжмийн боловсролыг дээшлүүлэх эвент зохиож, шинэ контент толилуулахаа Улсын Филармонийн захирал, Соёлын тэргүүний ажилтан С.Баттулга дуулгав.
Мөн ирэх өдрүүдэд Улсын Филармонийн ойд зориулсан "СОНГОДОГ ҮДЭШ", Морин хуурын чуулгын ойн хүрээнд "Novel Melody" тоглолтуудыг үзэгч түмэнд толилуулна.
Үүнээс гадна Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Профессор Намсрайжавын Бүтэнбаяр агсны 70 жилийн ойд зориулсан “Залуу удирдаачдын Улсын анхдугаар уралдаан”-ыг тавдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулах аж.