ДБЭТ-ийн хамт олон 2022 онд ЗХЖШ, Батлан хамгаалах болон хил хамгаалах, цагдаагийн байгууллагуудын алба хаагчдад урам зориг, ажлын эрч хүч өгөхийг зорьжээ. Үүний хүрээнд дөрөвдүгээр сарын 9, 10-нд “Modern and Musical night” тоглолтоо толилуулах гэж байна. Тус тоглолт нь хоёр хэсгээс бүрдэнэ. Концертын эхний хэсэг модерн болон неосклассик балетын номеруудаас бүрдэх бол хоёрдугаар хэсэг нь сонгодог мюзиклүүдийн номероос бүрдэх юм. Тоглолтын хоёдугаар хэсэг буюу мюзиклийн хэсэгт Жерар Пресгурвикийн “Ромео, Жулета” мюзиклийн алдартай хоёр хэсгээс Франц хэл дээр, “Дон Жуан” мюзикл, Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Phantom of the Opera” буюу “Призрак Оперы” мюзикл, Опера-2 бүтээлүүдийн хэсгээс түүвэрлэн хүргэх аж.
Орчин цагийн Театрын нэгэн чиг хандлага бол мюзикл, рок опера болон модерн балет юм. Иймээс театрын ирээдүйн үзэгчдэд зориулсан шинэлэг, өвөрмөц хөтөлбөрөөс бүрдсэн тоглолт үзэгчдийн сонирхолыг татах нь дамжиггүй. Ийнхүү үргэлж завгүй байдаг хил хамгаалах, цэрэг, цагдаагийн алба хаагчид нэгэн үдэш урлагаар "амьсгалж", тархиа амраан, эрч хүч авах нь.
ДБЭТ-ийн хамт олон 2021 оны арваннэгдүгээр сарын 28,29-ны өдрүүдэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Эрүүл мэндийн салбар”-ынханд зориулж, “Монгол бахархал” тоглолтыг толилуулсан билээ.