2021 онд Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд стандартын бус, зохих зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчил бүхий гарааш, зөөврийн байгууламж, өргөтгөл, хашаа, хаалт, хайс, шон зэргийн 1556 объектыг чөлөөлж, 43 байршилд тохижилтын ажил хийх боломжийг бүрдүүлсэн бөгөөд дөрвөн байршилд тохижилтын ажлыг хийж дуусгажээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригоос энэ талаарх зарим зүйлийг тодрууллаа.
-Өнгөрсөн жил Хотын дарга хоёр захирамж гаргаж, нийтийн эдэлбэр газрыг нийтэд нь үлдээх шийдвэрийн дагуу хэд хэдэн байршилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжууд буюу гараашийг чөлөөлсөн. Энэ жилийн хувьд ажил ямар шатандаа явж байна вэ?
-Энэ жил нийт зөвшөөрөлгүй 4860 гарааш буулгаж, зөрчил арилгахаар ажиллаж байна. Газар чөлөөлөх ажлыг 2022 оны гуравдугаар сарын 15-наас хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эхлээд цэцэрлэг, сургууль орчмын гараашнуудыг буулгаж эхэлнэ.
-Гарааш буулгах явцад олон нийтийн хандлага ямар байна вэ?
-Өнгөрсөн жил 1000 орчим гарааш чөлөөлсөн. Иргэд маш идэвхтэй дэмжсэн. Энэ жил мөн дэмжиж байна. Эдгээр газруудыг зөвхөн чөлөөлөх бус, тохижилт хийх, ногоон байгууламж барих, зам талбай гаргах ажлууд хийнэ. Чөлөөлсөн талбайд ямар нэг барилга барихгүй. Тодорхой байршлуудад иргэдтэй зөвшилцөж байгаа. Нэг жишээ татахад I хорооллын ард 1900 орчим гарааш бий. Үүнд тохижилт хийх, ногоон байгууламж барих ерөнхий төлөвлөгөөг батлуулна.
-Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгаж, бүтээн байгуулалт хийхэд иргэд голчлон ямар саналтай байна вэ?
-Тухайн оршин суугчдаас санал авахын тулд нэлээн ажиллагаа хэрэгтэй байгаа. Доороо зогсоолтой байрнууд тусдаа, зогсоолгүй байрнууд бол давхар гарааштай, тоглоомын талбайтай гэх мэт олон янзаар яригдана. Бид газрыг буулгаж чөлөөлөөд, иргэдээс санал авч байгаа. Энэ бол үе шаттай, тодорхой хугацаанд хийх ажил. Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай нийслэлийн хэмжээнд их дутагдалтай байна.
-Өнгөрсөн жил чөлөөлсөн газруудад ямар бүтээн байгуулалтууд бий болсон бэ?
-Өнгөрсөн жил 1500 орчим объект, зөрчлийг арилгасан. Нийт 37 мянган мкв газрыг чөлөөлж, дөрвөн байршилд ногоон байгууламж, тоглоомын талбай хийсэн. Мөн 43 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бий болох нөхцөлийг бүрдүүллээ.
НИТХ-ын 2019 оны тогтоолоор нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх, хашаа хайсны журам гэж гарсан. Бид уг журмыг энэ жил дахин хэрэгжүүлнэ. Өнгөрсөн жилийн хувьд 1500 орчим байршилд газар чөлөөлөлт хийсэн. Гэсэн ч газар чөлөөлөлт хийсэн байршилд дахин хашаа, хайс татсан асуудал гарсан. Тиймээс энэ жил 57 байршилд 400 орчим газрыг дахин чөлөөлнө. Хашаа, хайстай холбогдох журмыг мөрдүүлж, шон татаж, гинжилдэг байдалд арга хэмжээ авна.
-Өнгөрсөн жилүүдэд чөлөөлсөн газар дээр дахин хашаа, хайс барьсан асуудал гарсан гэж байна шүү дээ. Магадгүй энэ цаашид давтагдахыг үгүйсгэхгүй. Хэрэв нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлсний дараа дахин хашаа баривал ямар хариуцлага тооцох вэ?
-Өнгөрсөн жилийн тухайд уг ажлыг дан ганц Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба л хэрэгжүүлээд явдаг байсан. Энэ жил арай өргөжиж байгаа. Өөрөөр хэлбэл, Хотын стандарт, хяналтын газар, НМХГ, НОБГ зэрэг боломжит бүхий л харьяа байгууллагууд хамтран хэрэгжүүлж, хяналт тавихаар төлөвлөсөн. Шон, хайсыг буцааж бариулахгүй байх тал дээр нь анхаарах гэхчлэн бүх арга хэмжээг цогцоор нь авна.