Төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготовын “Улаан орхимжны давалгаа” романыг МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуяг жүжгийн зохиол болгожээ. Энэхүү тайзны уран бүтээлийг энэ сарын 17-нд Архангай аймгийн драмын театрт үзэгчдийн хүртээл болгохоор МУУГЗ Ч.Түвшин найруулагчаар, Ж.Нямсүрэн продюсерээр ажиллаж байгаа гэнэ.
"Улаан орхимжны давалгаа"-г Архангай аймагт тавьж буй нь ч учиртай. Зохиолын гол үйл явдал Архангай аймгийн Хашаат суманд өрнөж буйгаар гардаг билээ.
Зохиолын гол агуулгад их хэлмэгдүүлэлтийн үеийн олон мянган лам нарын гунигт түүхийг өгүүлнэ. Залуу насандаа Эрдэнзуу хийдэд шавилан сууж байгаад хэлмэгдүүлэлтийн үед дотоод яамны тусгай төлөөлөгч буюу “ногоон малгайтан” болдог. Хожмоо хувьсгалын ахмад зүтгэлтэн болсон Туваан лам гэгч насны эцэст чулуун дээр сийлсэн бурхан багшийн хөрөг бүхий Булган ууланд аврал хайж ирэхдээ, өнгөрсөн амьдралаа эргэн дурсаж байгаагаар зохиолыг бичсэн байдаг. Харин зохиолч П.Батхуяг уг романыг хэрхэн жүжгийн зохиол болгосон нь сонирхол татаж байна.