“Эрхэт Монгол” төслийн ээлжит тоглолт “Ганган дагшаа” ирэх 12 дугаар сарын 3, 4-нд 19 цагаас Улсын филармоний концертын танхимд болох гэж байна. Тоглолтын талаар Улсын Филармоны маркетингийн менежер О.Оюунбаатараас тодрууллаа.
-“Ганган дагшаа” тоглолтод ямар ямар уран бүтээлчид тоглох вэ?
“Чамайгаа оллоо”, “Учралын эгшиг”, “Улаанбаатар амарсан нь”, “Цэнгэлтэй үдэш”, “Гоолингоо” зэрэг 20 дугаар зууны сэтгэлд хоногшсон дуунууд эгшиглэнэ. Манай тоглолтод Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Мөнхбаатар, Соёлын тэргүүний ажилтан дуучин Л.Насанбуян/Насаа/, Ц.Хулан, Н.Наранбаатар/Наагий/ нарын дуучид ая дуугаа өргөнө.
-Саяхан Баян Монгол чуулга “Пянзны баяр”-аа хийсэн. Энэ удаагийн тоглолт юугаараа онцлог болох вэ?
-“Пянзны баяр”-ын үеэр БаянМонгол чуулга дэлхийн түвшнийх гэдгээ баталж чадсан гэж бодож байна. Энэ удаагийн тоглолтоороо 20 зууны сэтгэлд хоногшсон дууг жазз найруулгаар шинэчлэн найруулж, дээрх амжилтаа дахин батлан харуулах болно.
-Тоглолтын нэрийг яагаад “Ганган дагшаа” гэж нэрлэх болсон бэ?
-Дагшаа гэдэг нь Монгол хэлний тайлбар тольд үлээвэр хөгжимд цахилгаан хөгжим, утсан хөгжмийн нийлбэрийг хэлж буй юм. Ерөнхийдөө жаззыг ингэж орчуулж болно. Үндэсний хөгжмийг орчин үеийнхтэй хослуулсан гайхалтай тоглолт болно гэж амлаж байна. Тоглолтыг үзэхээр ирэхдээ гуравдугаар тунд хамрагдсан байх, 24 цагийн өмнө шинжилгээ өгсөн байх шаардлагатай.