“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монгол Улсад циркийн урлаг үүсэж, хөгжсөний 80 жилийн ойд зориулсан “Монгол цирк 80 жил” үзэсгэлэн өнөөдөр Монголын театрын музейд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд циркийн урлагийн 80 жилийн түүхэн замналыг харуулсан үе үеийн циркийн алдартнуудын сонирхолтой ховор гэрэл зургууд, тоглолтын хувцас, макет, эскиз загвар зураг болон түүхэн гавъяа шагналуудыг дэлгэн үзүүлэв.Түүнчлэн Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Ч.Хатанбаатарын “Circus Mongolia Khadgaa” хувийн цуглуулга, “Би цирк үзмээр байна” сэдвийн хүрээнд 3-14 насны 20 гаруй хүүхдийн гар зургийн шилдэг бүтээл болон дүрслэх урлагийн уран бүтээлчдийн циркийн урлагийг дүрслэн илэрхийлсэн 40 гаруй бүтээл дэлгэгдэн олны хүртээл болж байна. Тус үзэсгэлэн 12 дугаар сарын 09-нийг хүртэл үргэлжилнэ.