“Чи энэ гэрээс л гараад явах юм бол өлсөнө. Чи энэ гэрээс л гараад явах юм бол өлөн эрчүүдийн хоногийн зугаа болно”
“Нил цагаан” хоёр хүний драмын жүжгийг энэ сарын 30-наас Соёлын төв өргөөнд тоглох гэж байна. Жүжгийн эрэгтэй гол дүрийг бүтээсэн жүжигчин Э.Тодгэрэлтэй ярилцлаа.
-“Нил цагаан” жүжиг нийгмийн ямар асуудлыг хөндсөн вэ?
-Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл, салалт, үүнээс үүдэн хүүхэд өнчрөх зэрэг хосын харилцаатай холбоотой олон асуудал нийгэмд тулгамдаж байна. Энэ бүх зүйлд олон хүчин зүйл нөлөөлж буй. Үүнийг л манай жүжгийн зохиолч, найруулагч С.Баярсайхан ах хөндөж, тайзнаа амилуулах гэж байна.
-Жүжгийг явдлаас багахан хэсгийг нь уншигчдад ярьж өгөөч.
-40 гарсан эр өөрөөсөө олон дүү залуухан эхнэртэй. Тэрээр эхнэртээ зориулж гоё тансаг шувууны үүр зэхэх бөгөөд эхнэрээ шувуу адил торонд тэжээж, тордож халамжлан хамгаална. Бүсгүй далавчтай. Торноос гарч зугтах гэтэл далавч нь тээг болсон тул өрөөсөн далавчаа тайрч, торноос гарч буй талаар өгүүлдэг. Ер нь хосууд хэн хэнийгээ хайрлаж байна гэх боловч сэтгэлийнхээ “торонд хорьж” байдаг тухай юм. Энэ нь хайр биш эсрэгээрээ харигслал болдог.
-Та дүрийнхээ тухай яриач, ямар онцлогтой вэ?
-Эхнэрийгээ хайр халамж, сэтгэл зүрх, бие физиологи бүхий л зүйлээр дутаадаггүй. Алган дээрээ бөмбөрүүлдэг нөхрийн дүр гэж хэлж болно.
-Дүрийн саналыг хүлээн авах шалтгаан юу байв?
-Цар тахлын улмаас бараг л хоёр жил тайзны уран бүтээлд оролцсонгүй. УДЭТ-аас гараад удаж байна. “Нил цагаан” жүжгийн зохиолыг уншаад их сайхан мэдрэмж төрсөн. Залуу хосуудад тулгарпаг асуудлыг урлагаар дамжуулж хэлэх завшаан тохиосонд баярлаж, хүлээж авсан. Жүжгийн агуулга, бүтэц санаа нь их өвөрмөц учраас энэ дүрд тоглохыг зөвшөөрсөн юм.
-Энэхүү жүжгийн хамтрагч тань Г.Отгонцэцэг. Хамтрагчийнхаа онцлогийг хэрхэн мэдэрч тоглов.
-Миний хамтран тоглож байгаа хүн бол Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг. Бидний сайн мэдэх “Орхидос”, “Аюултай харилцаа”, УДЭТ-ын олон арван сонгодог, орчин үеийн, түүхэн гээд бүхий л дүрд гол болон туслах дүрийг бүтээж байсан эрхэм жүжигчин. Мэргэжил ур чадварын хувьд нэлээн туршлагатай. Оюутан байхаасаа л хүндэлж, нэг уран бүтээлд хамтран тоглох юмсан гэж битүүхэндээ мөрөөдөж явлаа. Өнөөдөр нэг тайз дээр хамтран тоглох болсондоо баяртай байна. Соёл урлагийн их сургууль болон Сити их сургуулийн зарим төгсөгчид, мэргэжлээрээ ажиллаж байгаа шинэ уран бүтээлчдээр багаа бүрдүүлсэн.
-Тоглолтын бэлтгэл ажил ямар түвшинд байна?
-Одоогийн байдлаар ширээний уншлагаас гарчихсан. Үгээ суулгаад, хоолой бичлэгийнхээ ажилдаа орчихсон. Одоо тайзны өрөлт бол албан ёсоор эхэлчихсэн явж байна. Тоглолт болох хугацаа нэлээн дөхчихлөө.
-Та яагаад УДЭТ-аас гарах болов?
-Миний хувьд уран бүтээлийн түр чөлөө аваад буй. Одоо чөлөөт уран бүтээлчийн хувьд өөрийгөө илүү задалж, хөгжүүлэхийг зорьж байна. Театрт сургуулиа төгсөөд ажилд орно гэдэг хэн болгоны давж чаддаг зүйл биш. УДЭТ бол өндөр босготой их айл. 2018 оноос хойш тасралтгүй 5 жил театртаа ажиллажээ.
-Энэхүү жүжгийг үзэгчдэд яагаад сонгож үзэх ёстой вэ?
-Урлагийн ямар ч уран бүтээл хүн бүрд өөр гэсэн мэдрэмж төрүүлдэг. Жүжиг гэдэг хүн бүрд асуултын тэмдэг тавиад л өнгөрнө. Магадгүй жүжигт гарч буй гэр бүлийн харилцааг үзэн ядаж болно шүү дээ. Ингэж хайрлаж халамжлах ёсгүй. Эмэгтэй хүн зөвхөн хоол хийх ёстой. Хүүхэд харах ёстой гэж боддог эрчүүд ч байж мэднэ. Үзэгчид жүжгийг нүдээр үзэж, чихээр сонсоод өөрийгөө жүжгийн яг аль дүр болохыг тунгааж, тэндээс ухаарлыг өвөртөлж гарах болов уу гэж найдаж байна.