“Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадам Монгол Улсын Хүүхэлдэйн театрт болж байна. Жилд нэг удаа зохион байгууллагддаг энэхүү өгүүлэхүйн урлагийн наадамд Монголын радиогийн нэвтрүүлэгч Д.Сайнтод оролцож байгаатай таарч, наадамд оролцож буй сэтгэгдлийг сонслоо.
-“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд та хэд дэх жилдээ оролцож байна вэ?
-Би 2013 оноос хойш оролцсон. Энэ удаагийнх 8 дахь нь болж байна. “Утгын чимэг” бол орон даяар зохион байгууллагддаг, уран уншигч бидний хамгийн их хүсэн хүлээдэг ганц наадам. Зохиолч, сэтгүүлч, хөтлөгч, нэвтрүүлэгч, жүжигчин гээд үгийн урлагтай холбоотой хэн бүхний чадал чансааг сорьсон сайхан наадам даа. Миний хувьд радиогийн сэтгүүлч. Арав гаруй минутын өгүүллэгийг цээжээр олны өмнө уншиж, зохиолчийн бүтээлийг үзэгчдэд хүргэнэ гэдэг шандас сорьсон сайхан үйл явдал боллоо гэж сэтгэл бахдам байна.
-Энэ удаад та хэний өгүүллэгийг уншсан бэ?
-“Утгын чимэг-2021” наадмынхаа салхийг хагалж, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт радиогийн сэтгүүлч Галсангийн Болормаа эгчийнхээ “Сэтгэлийн амь” хэмээх өгүүллэгийг хамгийн эхэнд уншлаа. Сайхан байна аа.
-Энэ жилийн “Утгын чимэг” наадмынхаа бэлтгэл ажлыг хэрхэн базаав?
-Энэ жилийн наадмын удирдамж тулгуу ирсэн л дээ. Арваннэгдүгээр сарын 15-нд шалгаруулалт болж, уран уншигчид зохиолч нартайгаа уулзсан. Арваннэгдүгээр сарын 19-нд эцсийн байдлаар өгүүллэгээ хүлээн авсан. Амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 26 болон 27-нд бэлдээд оролцож байна. Цаг хугацааны хувьд маш богино хугацаанд бэлтгэл ажлаа хангасан.
-Уншсан өгүүллэгийнхээ тухай товч танилцуулаач. Ямар агуулга гол санааг, уншигч болон үзэгчдэд хүргэхийг зорьсон бэ?
-Надад Галсангийн Болормаа эгч “Сэтгэлийн амь” хэмээх өгүүллэгээ уншуулах санал тавьсан. Би ч олон жил эгчтэйгээ нэг дор хамтран ажиллаж байна даа. Энэхүү өгүүллэгт хөдөөгийн нэгэн сууринд өгүүллэгийн гол баатар Дэжид гэх авгай нөхөртэйгөө хамт амьдарч буй тухай өгүүлдэг. Хэдийгээр нөхөр нь агсан согтуу тавьдаг. Ааш авир нь дийлдэхгүй этгээд боловч, Дэжид авгай тэрхүү аймшигтай хагас галзуу хүнтэй арга эвийг олж харьцаж, өгүүллэгийн төгсгөлд эв зүйг нь олсоор аз жаргалтай төгсдөг тухай өгүүлнэ. Миний ухаж ойлгосноор монгол сайхан эмэгтэйн нинжин сайхан сэтгэл, уужуу ухааныг уншигчдад хүртээх гэсэндээ зохиолч уг өгүүллэгийг бичсэн юм болов уу гэж би богино ухаандаа сийлж байна. Иймээс энэхүү нинжин сэтгэлийг сонсогчдод хүргэхийн тулд уншиж байхдаа сэтгэлдээ төсөөлж, сонсогч, үзэгчдэд хүргэхийг зорьлоо. Манай уншигч, үзэгчид дүгнэж буй байх аа.