Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийн сор болсон дуучдын хамт Австри улсын нийслэл Вена хотын Дуурийн театрын тайзнаа алдарт хөгжмийн зохиолч Ж. Вредди бүтээл "Новукко" дуурийн гол дүрд дуулсаар, үзэгч олныг байлдан дагуулсаар байна.
Үүнээс гадна Австрийн ажиллаж, амьдарч буй монголчууд Э.Амартүвшингийн дуулахыг үзэхээр Вена хотын Дуурийн театрт ирсээр байгаа тухай мэдээлэл фэйсбүүкээр хөвөрсөөр. Тухайлбал өчигдөр орой Э.Амартүвшингийн ээлжит тоглолт Вена хотын Дуурийн театрт болсон. Тоглолтыг үзэхээр ирсэн иргэн Narantsetseg Nyamtseren ийн бичжээ. Тэрбээр Энэ тоглолтыг үзэхээр зорьж очсон гурван шалтгаанаа бичжээ.
1. Жузеппе Фортунато Верди (Giuseppe Fortunino Francesco Verdi, 1813 – 1901) нь Италийн хөгжмийн зохиолч байв. Италийн хөгжмийн алдарт зохиолч Жузеппе Фортунато Верди бага залуу насаа гачигдал зовлонт амьдрал дунд өнгөрөөжээ. Тэр багаасааа хөгжимд дуртай болж, гоц авьяас нь тодорсон юм. Арван настайдаа нутгийнхаа сүмийн бадралт бишгүүрч, 15 настайгаасаа зэргэлдээх хотынхоо найрал хөгжмийн удирдаач болсон нь тохиолдол биш байлаа. Түүний "Оберто" хэмээх анхны дуурийг 1839 онд Милан хотын “Ла Скала” театрт амжилттай тогложээ. 1842 онд зохиосон "Набукко" (Навуходоносор) гэдэг дуурь Вердийг Итали даяар хайр хүндтэй хөгжмийн зохиолч болгожээ. Энэ үеэс Италийн эх орончид үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд ард олныг уриалж байсан цаг билээ. Верди, тэдний нэгэн адил Эх орноо Австрийн эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөхийг чин сэтгэлээс хүсэж байв. Иймээс ард түмнийхээ санаа хүслийг илэрхийлсэн "Набукко" болон энэ үед бичсэн бусад дуурь нь харийн бооллогчдын эсрэг тэмцлийн зэвсэг болсон юм. Тэдгээр дуурийн эрэмгий айзам бүхий найрал дуунууд нь эх орончдын сүлд дуулал болж түгжээ. Тиймээс италичууд Ж. Вердийг "хөгжимч Гарибальди", "хувьсгалын маестро" гэж бахархан нэрлэх болжээ. 1850-аад оныэхээр зохиогдсон "Риголетто", "Ерөөлч", "Травиата" зэрэг дууриуд нь түүний алдар нэрийг хилийн чанадад цуурайтуулжээ. 1871 онд Ж. Верди Суэцийн сувгийн нээлтэд зориулж "Аида" дуурь бичив. Дүрийг бүх талаар гүнзгий нээж, нийтлэг шинжийг реалист ёсоор гаргах аргыг тэр Шекспирээс сурчээ. "Макбет" (1847) хэмээх дуурь болон хөгжмийн ертөнцийг гайхуулсан "Отелло" (1887), "Фальстаф" (1893) дууриудад нь Шекспирийн зохиолын үзэл санаа, үйл явдал тусгагдсан байдаг. Ж. Вердийн бүтээлүүд нь ардач чанартай, хүнлэг энэрэнгүй үзэлтэй байдгаараа хүн төрөлхтний соёлын өвд хүндтэй байр эзэлдэг юм.
2. Австрийн Дуурийн Театрыг Ододын Одод чуулалдаж уран бүтээлээ тууривдаг газар гэж зүй ёсоор өргөмжилдөг. Австри улсын Вена хотод 1869 онд анх баригдсан энэхүү театр дэлхийн хоёрдугаар дайны үеэр бөмбөгдөлтөд өртөж бараг нуранги болох шахжээ. Харин үндсэн фасад нь үлдсэн учир түүнийг дахин сэргээн барьж 1955 онд ашиглалтад оруулсан байна. Өдгөө жил бүр 60 орчим дуурь, балетын 300 үзүүлбэр тоглогддог аж.
3. Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Э.Амартүвшин Вена хотын дуурийн театр (Wiener Staatsoper)-т Ж.Вердийн "Новукко" дуурийн гол дүр Новукко-д дуулна. Дуурийн урлагийн амьд домог болсон тус дүрд олон жил дуулсан алдарт дуучин Пласидо Доминго баритон Э.Амартүвшинд "Чиний өмнө дэлхий нээлттэй байна” гэдэг үгийг л хэлж байсан байна.Э. Амартүвшин дэлхийн нэр хүндтэй театруудад тоглолтоо үргэлжлүүлж дэлхийн шилдэг баритон гэдгээ баталсаар байна. Тэрээр 2021 оны 7-9 дүгээр саруудад Италийн Верона хотноо “Набукко” дуурьт дуулаад 2021 оны 11 сард Австрийн нийслэл Вена хотын Дуурийн театрт дэлхийн сор болсон одуудтай гол дүрд тоглоно.Энэ тоглолтын дараагаар 2022 онд Лондон, Мадрид хотноо мөн Набукко дуурь, Италийн Милан хотноо “Риголетто” дуурьд тус тус тоглох хуваарьтай аж. МУГЖ дуурийн дуучин ЕРӨӨ багшийнхаа нэрийг мөн сургуулийнхаа нэрийг өндөрт өргөждэлхийн алдартай тайзнаа Монгол Улсын дуучин Энхбатын Амартүвшин хэмээн зарлуулан яваа нь Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурьсган буй сайхан үйл явдал юм.Набукко дуурь нь 2021 оны 11 дүгээр сарын 1, 6, 9-ний өдрүүдэд нийт гурван удаа тоглогдох учир өнөөдөр амжиж үзэхээр яваадаа сэтгэл маш их хөдлөж байна. Урилга өгсөн хоёр сайхан дүүдээ маш их баярлалаа. Хорвоо ертөнцийн гэгээлэг, нандин бүхнийг хүсэн ерөөе.