90 настай Такишима Мика фитнесийн багшаар ажилладаг бөгөөд амьдралынхаа хоёр дахь хагаст асар том өөрчлөлт хийж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн талаараа ярьжээ. Фитнесээр хичээллэж эхлэхдээ 65 настай, нэлээд махлаг байсан тэрбээр “Нөхрийн минь хэлсэн үг намайг өөрчлөгдөхөд хүргэсэн” гэжээ. “Тэр үед би илүүдэл жинтэй гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй, насандаа тохирсон гэж боддог байлаа. Гэтэл гэр бүлийн хүн минь “гоочлоод” болдоггүй. Ингээд л жингээ хасахаар дасгал хийж эхлээд сүүлдээ фитнесээр хичээллэж, хорхойсоод эцэстээ бүр өгзгөө бразил хүүхнүүдийнх шиг болгох зорилго тавьсан. Энэ зорилгодоо хүрсэн даруйдаа хүүхнүүдийн хүсдэг нарийн бэлхүүсийг мөрөөдөх болов. Бас л санасандаа хүрсэн. Ингээд л туршлагаасаа бусадтай хуваалцахаар багшилж эхэлсэн дээ” гэж ярьсан Такишима Мика 1931 оны өвөл төржээ. 87 настайдаа фитнесийн багш болсон бөгөөд Япондоо төдийгүй олон улсад алдартай аж. “Аливаа зүйлийг эхлэхэд нас хөгшиднө гэж байдаггүй” гэж тэрбээр сургадаг байна.
Бэлтгэсэн Э.Хана