Соёлын яам, Монголын гэрэл зурагчдын холбоо хамтран “Оросын урлаг Монгол тайзнаа” үзэсгэлэнг маргааш Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу “Русский дом” (хуучнаар РЦНК)-д дэлгэх гэж байна. Тодруулбал, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан, тус улсын зохиолчдын бүтээлээс сэдэвлэж, Монголын театруудын тайзнаа амилуулсан бүтээлүүдийн түүхэн гэрэл зургуудыг толилуулах юм.
Монгол Улсад мэргэжлийн театр үүсгэн байгуулах, уран бүтээлчдийг бэлтгэх, сурган хүмүүжүүлэх үйлсэд ЗХУ-ын сургагч, мэргэжилтэн багш нар гар бие оролцож, Оросын нэрт зохиолчдын сор болсон бүтээлүүдийг манай тайзнаа амилуулсан түүхтэй. Тухайлбал, 1934 онд Оросын зохиолч С.Третьяковын “Хятад орноос хүрхрэх дуун” жүжгийг анх тайзнаа тавьсан УДЭТ 90 жилийн хугацаанд Н.Гоголийн “Байцаагч түшмэл”, К.Симоновын “Намайг хүлээ”, А.Островскийн “Аянга”, “Инжгүй хүүхэн”, Н.Погодины “Кремлийн цаг”, М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь”, А.Чеховын “Интоорын цэцэрлэг”, Хурим”, “Цахлай”, Н.Мирошниченкогийн “Сэргэлт”, С.Михалковын “Бардам туулай”, А.Вампиловын “Хэрээт төгөл”, Л.Толстойн “Адууны түүх”, “Анна Каренина” зэрэг олон жүжгийг монгол хэлэнд хөрвүүлэн олны хүртээл болгосон. ДБЭТ нь байгуулагдсан цагаасаа Оросын хөгжмийн зохиолчдын туурвисан олон уран бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэснээс дурдвал П.И.Чайковскийн “Евгений Онегин”, А.Даргомыжескийн “Лусын дагина”, А.Бородины “Игорь ван” зэрэг дуурь, Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг”, П.И.Чайковскийн “Франческа да Римини”, “Хунт нуур”, “Щелкунчик”, А.Хаяатуряны “Стартак”, С.Прокофьевын “Ромео, Жульетта”, А.Морозовын “Ай Ёо доктор” зэрэг бүжгэн жүжиг урын санд нь хүндтэй байр эзэлдэг. Түүнчлэн Улсын хүүхэлдэйн театр ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин С.Образцовын үндэслэсэн Хүүхэлдэйн төв театртай хамтран ажилласаар ирсэн бөгөөд А.Гайдарын “Чук, Гек хоёр”, Н.Гернетийн “Алладины шидэт дэнлүү”, М.Тараковскийн “Цурхай загасны тушаалаар”, А.Пушкиний “Алтан загасны үлгэр”, С.Маршакийн “Арванхоёр сар”, А.Толстойн “Алтан залаат азарган тахиа” тэргүүтэй уран бүтээлийг Монголын хүүхэд, багачуудад хүргэж байна. Мөн 1950 онд Улсын хүүхэд, залуучуудын театр В.Любимовын “Цасан хүү” жүжгээр хөшгөө нээсэн бол Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь”, С.Михалковын “Хулчаахай”, А.Островскийн “Авьяастанд бишрэгчид” зэрэг олон жүжгийг үзэгчдэд хүргэж байв.
“Оросын урлаг Монгол тайзнаа” үзэсгэлэнгээс УДЭТ, ДБЭТ, Улсын хүүхэлдэйн театр, Улсын хүүхэд, залуучуудын театр, Монгол Улсын Консерваторын уран сан дахь бүтээлүүдийн түүхэн зэрэл зургуудаас гадна Монголын театрын музейн сан хөмрөг дэх зургуудыг үзэх боломжтой.