Монголын зохиолчдын эвлэлээс яруу найргийн уламжлалт “Болор цом” наадмаа 38 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн наадмыг тус эвлэлийнхэн Цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгуулсан бөгөөд сүүлийн шатанд 30 найрагч өрсөлдөж, шүлгээ уншсаны зургаа нь цагдаагийн алба хаагч байв. Тэдний дөрөв нь тус эвлэлийн гишүүн уран бүтээлч аж. МЗЭ нь манай улсад цагдаагийн алба үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан ЦЕГ-тай хамтарч, өөрөөр хэлбэл, тэдний ивээн тэтгэлгээр яруу найрагчдын энэхүү томоохон баяраа зохион байгуулсан нь оновчтой боллоо хэмээж байна.
“Сүлд” чуулгын байранд нэг өдөрт багтаан, үзэгчгүй явуулсан уг уралдаан-наадмыг яруу найрагч, МҮОНР-гийн ажилтан О.Цэнд-Аюуш тэргүүлж, “Болор цом” өргөв. Тэрбээр МЗЭ-ийн болон Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит шагналтан ажээ.
Аман хүзүүнд яруу найрагч, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Баянзүрх салбарын эрхлэгч, өмнө нь “Болор цом”-ын эзэн болж байсан М.Отгонбаяр, гуравдугаар байрт яруу найрагч, “Миний сайхан орон” арт галерейн гүйцэтгэх захирал С.Начин, дөрөвдүгээрт яруу найрагч, МҮОНТВ-ийн сэтгүүлч, уг наадмын шилдэг таван найрагчид гурав дахь удаагаа багтсан Ч.Ууганбаяр шалгарчээ. Айргийн тавд яруу найрагч, судлаач, Дэлхийн монгол туургатны зохиолчдын академийн захирал, МЗЭ-ийн шагналт, “Алтан өд”-ийн эзэн Д.Одгэрэл “давхижээ”. Тэрбээр уг наадамд тав дахиа айргийн тавд тунасан нь энэ.
“Болор цом-38” наадмын эхний байруудад шалгарсан найрагчдын төсгөлийн, шийдвэрлэх шатанд уншсан бүтээлүүдийг хүргэе.
ЦАСАН ШУУРГА
Галзуу догшин цасан шуурга ульж байна
Газар, тэнгэр үгүй болж
Орхиод явсан амраг чиний араас
Орчлон хорвоо нүүж байна
Хоёр хөл минь
Хоосорч ханхайсан цээжээ өргөөд
Хоёр гар минь
Хойноос чинь гудайсан толгойгоо бариад
Хонгор минь би ч бас чиний араас явж байна
Өмнүүр уул, нурууд нүргэлэн өнгөрч
Араар гол, мөрөн шургалан холдож
Ой модод чиний араас шажигналдан хийсэж
Ой дурсамжууд чиний хойноос шивнэлдэн одож байна
Шуурах цасан гаднаас дайравч
Шүүрэх зүрхэн дотроос хайравч
Мэдээ алдсан хөл минь
Алхам бүртээ чам руу л тэмүүлж
Зүгээ алдсан нүд минь
Аних бүртээ чамайг л харж байна
Галзуу догшин цасан шуурга ульж байна
Газар тэнгэр үгүй болж
Орхиод явсан амраг чиний араас
Орчлон хорвоо нуугдаж байна
Хоёр хөл минь
Хүндээс хүнд цээжээ өргөөд
Хоёр гар минь
Хүйтнээс хүйтэн нүүрээ дараад
Хонгор минь би ч бас чиний араас явж байна
Дээшээ хот суурин хашхиралдан хөөрч
Доошоо хад чулуу харшилдан бууж
Өвс, ногоо чиний араас зулгаран шуугьж
Өвөл, хавар чиний хойноос урагдан унаж байна
Шуурах салхин гаднаас түлхэвч
Шүүрэх зүрхэн дотроос татавч
Хүнийх болсон хөл минь
Чиний төлөө алхаж
Чинийх болсон итгэл минь
Миний төлөө зовж байна
Галзуу догшин…
Галзуу догшин цасан шуурга ульж байна
Газар тэнгэр үгүй болж
Орхиод явсан амраг чиний араас
Орчлон хорвоо нурж байна
Хоёр хөл минь
Хов хоосон цээжээ өргөөд
Хоёр гар минь
Хойноос чинь гудайсан толгойгоо бариад
Хонгор минь би чамаас хагацаж байна
Шуурах цасан дотор орж ирлээ
Шүүрэх зүрхэн гадагш гарч одлоо
Шархиран өвдөхийг ч мэдэхээ болилоо
Шаналан харуусахаа ч мэдэхээ байлаа
ГООНЬ ЭР
Мартахуйн мананд уусаж арилахгүй
Санахуйн шаналанд живж орилохгүй
Ганцаардаагүй ганц хүн
Гомдоогүй гоонь эр…
Дурлал бол дурлал
Хэнд ч дурлаж болно
Хайр бол хайр
Хэнийг ч хайрлаж болно…
Анд нөхдөдөө од болж
Ахан дүүстээ ад болсон
Хүсмээр амьдрал гоонь эрийнх
Хүсмээргүй амьдрал гоонь эрийнх
Орой нь гэгээн бодлоо дэрлэн унтаж
Өглөө босоход үсэнд нь нэвчсэн
Өдөржин дотнын хүмүүсээ санаж
Өр зүрхээрээ зүүдэндээ л тэврэх…
Хаанаас ч юм зовлон авч ирнэ гэж
Хайрласан хүмүүс нь хамгийн их үзэн ядна
Тэр их хараал, ерөөлийг тэсэж туулах
Тэвчээр хатуужлыг хэн түүнд өгнө вэ
Бурхан минь…
Бүгдийг араасаа хөтөлж
Бүхнийг өвөртөө дагуулсан
Будда
Есүс
Аллах
Баараггүй гоонь эрчүүд…
Бүрх малгай
Үнэртэй ус
Навчин тамхи
Би зэрлэг Өрнөдөд дуртай…
Эрх мэдэл
Эрх чөлөөгөө
Өөр хүний өлмий дор хаяагүй
Энэ хорвоогийн эрс мандтугай….
Аз бол аз
Дайрахгүй ч байж болно
Амьдрал бол үхэл
Хэзээ ч үхэж болно…
Бүсгүй хүний зүрхэнд
Гарцаагүй ганцаараа
Бүтэн энэ хорвоод
Гологдоогүй эцэг хүн…
Мартахуйн манан зүссэн
Санахуйн салхин исгэрсэн
Гоц сүмбэр уулан
Гоонь эр…
ШҮТЭН ДУРЛАЖ БОСГОСОН ЦАЙЗ МИНЬ ШҮЛЭГ ШҮТЭН ДУРЛАЖ НУРААХ ЦАЙЗ МИНЬ ШҮЛЭГ
(Өврийн дэвтрээс)
Яруу найргийг яаж бичихийг заагаад өгчих
Энэ амьдралд ялагдах ялалтыг бэлэглэгч нь чи билээ
Энэ амьдралыг ялах ялагдлыг бэлэглэгч нь чи билээ
Нисэж буйг минь хараад нулимсаа асгаруулагч нь чи билээ
Нэг л мэдэхэд бас инээмсэглэж зогсох нь чи минь билээ
Хийсэж буй өөртөө төөрсөн салхины үнэр
Хүрд мэт биеийг ороон эргэлдээд л эргэлдээд л байхад
Харцнаасаа нэгэн галыг асааж зүрхэнд шигтгэчихээд
Хаашаа ч юм бэ явж одсоныг чинь
Хэнд ч хэлэхгүй хэлээд л явахдаа
Хэзээ нэгтээ хүрээд ирнэ гэж боддог шүү
Модод мэт гунигтайхан, одод мэт гундуухан
Миний санаанд оршигч үл үзэгдэгч ээ
Үзэгддэг хэрнээ гарт баригддаггүй эмзэг сэтгэлт ээ
Үзэг гарт атгуулж цаас шатаалгуулж суулгадагт чинь хайртай
Үхүүлж чаддаг, амьдруулж чаддаг хэрнээ
Ахин үхэж буйг минь тайван азнан харагч
Аз жаргалын сахиусан илч ээ, илч гэрлээ хэзээ ч унтраадаггүй
Үнэрээсээ сэмэрсэн он цагийн тоосыг гөвөгч өө
Эхийнхээ хэвлийд чи яаж олдож, солирын хэлтэрхийнээс цацрах гэгээ шиг
Энх тунх эсэн мэнд амаржаад өдий хүрсэн юм бэ
Ялагдлыг минь цагаатгагч аа яруу найргийг
Яруу найргийг л яаж бичих ёстойг заагаад өгчих
Чамайг ялах их ялагдалдаа бэлдье зэвсэг дуулгаа агсая
Чамд ялагдах их ялалтаа тэмдэглэе хундага дарсаа сөгнөе
ОРЧЛОНГИЙН АЙ САВ
Уулын гүнд унтах нялх янзага эхээ зүүдэлнэ
Уулын сүүдэрт гэтэх бар зулзагаа тэжээнэ
Уул тэдний уулзах газрыг цаг тэдний учрах мөчийг бүтээнэ.
Бяцхан янзаганы амнаас сүү амтагдана
Эх гөрөөснийх нь амнаас өвс, тал нутаг амтагдана
Барын зулзагын амнаас тал нутаг, өвс амтагдана
Бар ээжийнх нь амнаас янзага амтагдана.
ААРУУЛАА ОРУУЛАХЫГ МИНЬ ГЭНЭТ ХАРААД
Бороо шиврэхэд ааруулаа оруулахыг минь гэнэт хараад
Тэнгэр онгойтол нь салхи бороог хөөхөд баярладаг
Аадар буухад ааруулаа оруулахыг минь гэнэт хараад
Тэнгэр цэлмэтэл нь салхи аадрыг хөөхөд баярладаг
Төрмөл сүнсэндээ өөрийгөө хураангуйлсан Соронзон цэнэг билээ, би
Нүүдлийн нутагт чоно авлах нь онгод шиг мэдрэмж байдаг
Нүцгэн талд ишиг төөрөх нь үлгэр шиг ухаарал байдаг
Голын тэртээд мөөрөх бух нь нутгийн сахиус байдаг
Газар цавчих хонгор морь ертөнцийн сэрэхүй байдаг
Эгэл огторгуйн зайнд зочлох минь давтагдашгүй төөрөг байдаг
Чоно нүдэнд харагдахад удмаа таньж сэхээрдэг
Чөмөг царцам хүйтэнд гүү унагалахад тэнгэр дулаацдаг
Боржигин найрын түрлэг шуранхайлахад
Чингисийн сүнс саранд өнждөг
Бодолдоо зангирсан эр сэтгэлийг уртын дуу тэнийлгэдэг
Цас ороход өрхөө хошуулдахыг минь гэнэт хараад
Тэнгэр онгойтол салхи цасыг хөөхөд залбирдаг
Шуурга шуурахад малаа хашихыг минь гэнэт хараад
Тэнгэр цэлмэтэл салхи шуургыг хөөхөд залбирдаг
Төрмөл сүнсэндээ өөрийгөө хураангуйлсан соронзон орон билээ, би