Энэ сарын 2-нд Улаанбаатараас Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуурыг анх удаа газраар тээвэрлэжээ. Тэгвэл олон улс хоорондын ачаа тээвэр төлөвлөсөн хугацаандаа Итали улсад амжилттай хүрч, тус улсын “Коломбо”, “Фалконери” компани захиалсан ноолуураа хүлээн авсан талаар албаныхан мэдээллээ. “Ханбогд кашмер” компани урьд нь Итали руу өмнөд хөршөөр дамжуулан 90-100 хоногийн хугацаанд ноолуураа экспортолж байсан бол ийнхүү 20 хоногийн хугацаанд газраар тээвэрлэж, хугацаа хэмнэсэн юм.
Италид хүрсэн 20 тонн ноолуурын 10 тонн нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн болохыг гэрчилдэг “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэгтэй аж. Энэ онд тус компани “Монголын хаан ширхэгт” гэрчилгээтэй 400 гаруй тонн түүхий ноолуурыг Итали болон Их Британийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад газрын тээврээр нийлүүлэх юм байна.