ХНХЯ-аас НҮБ-ын Хүүхдийн Сан, Үндэсний статистикийн хороотой хамтран Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа буюу Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг (MICS/SISS) 2018 онд хийсэн. Энэхүү судалгаанд үндэслэн гүйцэтгэсэн Хүүхдийн олон хэмжээст ядуурлын дүн шинжилгээний үр дүнг танилцуулах ажлын уулзалт, хэлэлцүүлэг боллоо. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын хүүхдийн ядуурлын олон хэмжээст дүн шинжилгээг хийсэн. Орлогын бус ядуурлыг тухайн хүүхэд эрүүл мэнд, боловсрол, мэдээллийн хүртээмж, орон сууц зэрэг хэмжээстийн гачигдлаар хэмжиж дүн шинжилгээ хийсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн ядуурлыг хүүхдийн аж амьдралын олон талт хэмжээсээр хэмжиж дүн шинжилгээ хийдэг гачигдлын олон хэмжээст давхацсан шинжилгээний аргачлалыг ашиглажээ. Ингэхэд манай улсад нийт хүүхдийн гуравны хоёр нь дор хаяж 3 болон түүнээс дээш хэмжээсээр гачигдаж байгааг энэхүү судалгааны дүн харуулж байна. Мөн орлогын бус ядуурлын энэхүү дүн шинжилгээгээр хот хөдөө, өрхийн амьжиргааны түвшнээр ялгаатай байдал их байна. Цаашид энэхүү шинжилгээний үр дүнг салбар бүрд танилцуулах, төрийн бодлогод тусгах, хүүхдийн ядуурлыг бууруулахад салбар дундын зохицуулалтыг хангаж ажиллана.
Тогтвортой хөгжлийн зорилтын 1.1 болон 1.2-т заасан хүүхдийн олон хэмжээст ядуурлыг бууруулах бодлого боловсруулах нь зөвхөн ядуу хүүхдийн тоог хянах биш, тэдний ядуурлын учир шалтгааны уялдаа холбоо, тодорхойлогч шинж чанаруудад дүн шинжилгээ хийж, улмаар хүүхдийг орлогын болон орлогын бус ядуурлаас гаргах, хүүхэд, гэр бүлд ээлтэй нийгмийн хамгааллын бодлого, үйл ажиллагааг төлөвлөхөд чухал алхам болно хэмээн үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын ядуурлыг бууруулахад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг сайжруулах, улмаар “Ядуурлын бүх хэлбэрийг устгах” тухай Тогтвортой хөгжлийн нэг дэх зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн ядуурлын олон хэмжээст дүн шинжилгээг хийхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлж хамтарч ажиллаж байна. Хүүхдийн ядуурлын олон хэмжээст судалгаа нь хүүхдийн ядуурлын ямар асуудлаар Монгол Улс бодлогоо зөв тодорхойлон ажиллаж байгаа, мөн хүүхдэд эрх тэгш байдал, боломжийг зохистой олгоход юунд анхаарах ёстойг тодорхойлох зорилготой. Хүүхдийн ядуурал нь насанд хүрэгчдийн ядуурлаас ялгаатай бөгөөд хүүхдийн ядуурлыг зөвхөн орлого болон зарлагатай холбон тайлбарлах нь өрөөсгөл гэж үздэг.