Сүүлийн үед эрх мэдэлтнүүд болон эгэл ардын дунд боловсролын зээлийн сангийн асуудал багагүй маргаан дэгдээгээд буй. Эл зээлд дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings, Academic Ranking of World Universities” жагсаалтын эхний 100-д багтсан их сургуулиас бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан, эсвэл суралцаж байгаа Монгол Улсын иргэн хамрагдах боломжтой. Гэвч эгэл ардын хүүхэд чадвараараа дээрх сургуулиудад тэнцсэн ч уг зээлд хамрагдаж чаддаггүй. Харин өндөр албан тушаалтай нэг нь арын хаалгаар хүүхдээ тэнцүүлдэг нь нууц биш болоод уджээ. Хүүхдээ төрийн, өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөөр сургачихаад буцаан төлдөггүй эрх мэдэлтнүүд ч бий. Тухайлбал, 2019 оны байдлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдож, Д.Лүндээжамцан, Шадар сайд асан Ө.Энтүвшин, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай, Сангийн сайд асан Б.Баярцогт, Барилаг, хот байгуулалтын сайд асан Х.Баделхан, УИХ-ын дарга асан С.Дэмбэрэл нар тус сангаас зээл авч хүүхдүүдээ сургасан ч зарим нь буцаан төлөөгүй байсан юм. Тэд 244 мянган ам.долларын зээлийг дээрх сангаас авсан боловч 164 мянган ам.долларыг нь буцаан төлөөгүй байсан. Үүнээс гадна Шадар сайд С.Амарсайхан дээрх сангаас зээл авч хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, буцаан барагдуулсан нь саяхан.
Эл зээлийн асуудлыг дахин сөхөж буй нь учиртай. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хамгийн их хохирол амссан нь боловсролын салбар. Хоёр жил гаруйн хугацаанд дэлхийн олон орон хилээ хааж, бүх шатны боловсролын байгууллагууд үйл ажиллагаагаа түр хязгаарлаад буй. Тэгвэл дэлхий дахинаа вакцинжуулалт эрчимжсэнээр зарим улс хилээ нээж, гадаад оюутнуудаа хүлээн авч буй. Тэд халдвар хамгаалалттай холбоотой янз бүрийн дүрэм, журам баталсан бөгөөд улс бүр өөрийн онцлогийг тусгажээ. Тэр дундаа халдвар ихээр тархсан Европын зарим орон гадаад оюутнуудыг нэг сарын турш гэрийн тусгаарлалтад байхыг шаардах болсон аж. Өөрөөр хэлбэл, дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэнцэж, боловсролын зээлийн сангийн хөтөлбөрт хамрагдсан оюутнууд тухайн улсад очсоныхоо дараа нэг сарын турш гэрийн тусгаарлалтад байх шаардлагатай болжээ. Тиймээс дээрх хөтөлбөрт хамрагдсан оюутнууд энэ сарын 25-ны дотор сургалтын төлбөрөө төлж, суралцах улсдаа очин тусгаарлалтад орох зайлшгүй шаардлага гэн. Харамсалтай нь, Боловсрол, шинжлэх ухааны болон Сангийн яамны уялдаагүй ажлын балгаас болж хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүд сургалтын төлбөргүй болж, сургуульдаа явж чадахгүйд хүрчээ. Тодруулбал, Боловсролын зээлийн сангийн энэ оны санхүүжилтийг шийдвэрлэх тухай хүсэлтийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Сангийн яамд хүргүүлсэн боловч одоо хэр нь хариу өгөөгүй гэнэ. Энэ талаар БШУЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Гарьдаас тодруулахад “Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцаж байгаа иргэдийн төлбөрийг олгох эрхийг нээх хүсэлтийг Сангийн яаманд гаргасан. Одоогоор хүлээгдэж байна. Хөтөлбөрт тэнцсэн иргэдийн төлбөрийг санхүүжилтийн эрх нээгдсэний дараа шилжүүлэх болно” гэв.
Харин Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг хэзээ олгох талаар Сангийн яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас тодруулахад “Сангийн сайд орон нутагт томилолтоор ажиллаж байгаа. Мөн хариуцсан хүн нь одоогоор алга. Сайд ирснийхээ дараа шийдвэр гаргах байх” гэв. Тэднийг ийнхүү хариулснаас хойш дөрвөн хоногийн дараа ахиц гарсан, эсэхийг дахин тодруулахад мөн л буух эзэн, буцах хаяггүй хэвээр байв.
Манай улс боловсролын салбараа угаас тоодоггүй, хайхардаггүй гэхэд хилсдэхгүй. Тэглээ гээд дэлхийн шилдэг сургуульд тэнцсэн иргэдээ сургалтын төлбөргүй гэх шалтгаанаар хохироож болохгүй л байлтай. Хэрэв аль нэгэн албан тушаалтны хүүхэд эл хөтөлбөрт хамрагдсан бол тэд санхүүжилтийг нь хурдан шийдвэрлэчих байсан гэх хардлага иргэдийн дунд төрөөд байна.