“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт арга хэмжээ орон даяар цахим хэлбэрээр өрнөж буй. Уг арга хэмжээнд ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид "Боловсролын салбар дах жендерийн асуудал" сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр боловсролын салбарын өнөөгийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, цаашид боловсролын салбарт жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр санал дэвшүүлсэн юм.
Жендэрийн ялгаатай байдлын индексээр Монгол улс 149 орноос 2020 онд 79 дүгээр байранд байна. Тэр дундаа боловсролын амжилтын жендэрийн ялгаатай индексээр 153 орноос 71-т орж байгаа үзүүлэлттэй. Боловсролын салбарын суралцагчдын хүйсийн харьцаа, ЕБС-ийн бага ангид элсэх хувь адил боловч боловсролын шатлал ихсэх тусам эмэгтэй суралцагчид давамгайлдаг, эрэгтэй суралцагчийн сургууль завсардалт их байдаг.
Боловсролын салбар дахь ажиллагсадын хүйсийн харьцааны хувьд багш, ажилтан эмэгтэйчүүд, харин захирал, удирдах албан тушаалд эрэгтэйчүүд түлхүү ажиллаж байна.
Сургалтын хөтөлбөр, сурах бичих, сургалтын орчны тухайд жендерийн агуулга, хүртээмж хангалтгүй байна. Хүний эрхийн боловсролтой, жендерийн мэдрэмжтэй иргэн бэлтгэхийн тулд боловсролын байгууллагын бүх багш, албан хаагчдад тогтмол сургалтыг зохион байгуулах шаардлагатай, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийж, 2017 оны салбарын жендерийн бодлогын хэрэгжилтийг дүгнэж, цаашид хийх ажлаа ерөнхий байдлаар бус нэг бүрчилсэн байдлаар тодорхойлох, төсвийн эх үүсвэрийг заах, хариуцах нэгжийг тодорхойлох, хяналт-шинжилгээ хийх шаардлагатай болохыг комиссын гишүүн Д.Сүнжид онцоллоо.