Хүннүгийн булш, оршуулгын дурсгалаас төрөл бүрийн эдээр хийсэн зүүлт, чимэглэлийн зүйлс элбэг олддог хэмээн ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс мэдээлсэн. Хүннүчүүд хийдэг байсан энгийн шохойн чулуунаас эхлээд оюу, мана, хас, хар ба шар хув, номин, ногоолин зэрэг үнэт чулууг засаж янзлан зүүлт, чимэглэлийг дээрх зурагт харуулжээ.
Манай орны хувьд түүх соёлын салбарт ажиллаж буй судлаач, мэргэжилтэн нар Япон, Солонгос, Герман зэрэг улсуудад хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын чиглэлээр урт болон богино хугацааны сургалтад хамрагдаж онол арга зүйн мэдлэг, туршлагыг судалж өөрийн орны нөхцөл байдалд тохирсон аргачлалыг туршин судлах ажил эхлэлийн шатандаа яваа билээ. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөг, лаборатори нь 2012 оноос шавар олдвор хэрэглэгдэхүүнийг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн ба өнөөгийн сэргээн засварлах арга зүй, стандартыг баримтлан одоогийн байдлаар археологийн дурсгалаас илэрсэн 2000 гаруй шавар эдлэл, энеолитийн үеэс XIII зууны үед холбогдох 40 орчим шавар болон шаазан ваар савыг бүртгэн баримтжуулж тэдгээрийг сэргээн засварлан судалгааны эргэлтэд оруулаад байгаа билээ.