Хөл нүцгэн тариачин ойгоор дамжин өнгөрнө. Тэрбээр нэг гартаа бамбар барьсан бөгөөд гэрэлд нь шөнөжин намжаагүй борооны дусал гялалзан харагдана. Нөгөө гартаа зэвэрсэн том хутга барьжээ. Үүгээр усан үзмийн мод огтлох, мөчир цавчих гээгүй. Харин хулгайчаас хамгаалах хэрэгсэл аж. Бусад олон эр, тийм тариачин усан борооноор ойд эргүүл хийдэг. Сүүлийн гурван сар тэд ургацаа хамгаалахын тулд тариалангийн талбай руугаа шөнө бүр явж байна. Гэхдээ энэ нь кокаин, эсвэл өөр ийм төрлийн ургамлын талбай биш. Үнэн хэрэгтээ эдгээр тариачин ер бусын нэртэй ургамал тариалжээ. Мадагаскарын ваниль хайн тосгодоор хэрэн тэнүүчлэх дээрэмчдээс хамгаалахын тулд тэд зэвсэг агсдаг.
Гөлгөр ногоон хальсан дээрх цэгүүдээс бүрдсэн товгор зураг харагдана. Энэ нь Леон Чарльзын ваниль болохыг илтгэнэ. Гэхдээ нутгийн оршин суугчид түүнийг Баба хэмээн дууддаг. Леон эхнэр Ористиний хамт Мадагаскарын зүүн хойд нутгийн үндэсний Масоала цэцэрлэгт хүрээлэнгийн захад орших Амбанизана тосгон дахь талбайдаа кофе, ваниль тариалжээ. Эл газарт хүрэх амаргүй. Тавьсан зам байхгүй. Арлын нийслэл Антананаривогоос Амбанизана хүртэл хөнгөн усан онгоцоор хоёр цаг, цааш каноэгаар (завь) 30 минут явж хүрнэ.
Дуу хөгжим тосгонд хэзээ ч тасрахгүй. Леоны хурц шовгор дээвэртэй, тэгш өнцөгт хэлбэрийн модон байшингийн хаалгыг хаасан тунгалаг ягаан хөшигний цаанаас бүжгийн хөгжилтэй аялгуу эгшиглэнэ. Эндхийн ой нь шууд далайд гардаг бөгөөд өндөр чийгшил, сүүдэр, зөөлөн дулаан цаг агаар нь ваниль тариалахад тохиромжтой. Леоны тайрч авсан хальсан ууттай зүйл бүр (шош ч гэх нь бий) хатсаныхаа дараа 150 гаруй ам.доллароор үнэлэгддэг.
Хулгайчаас сэргийлэхийн тулд бүх тариачин талбайнхаа захад нэрээ тавина. Заримдаа серийн дугаар хальс болгон дээр тавьсан харагдана. Хатсан хойно нь ч тэдгээр тэмдэглэгээг ялгах боломжтой. Леоны талбайд өнгөрсөн жил ургац хураахын өмнө хулгай оржээ. “Хөршийнхөө цагаан будааны талбайд ажиллах хооронд бүх ургацыг минь хулгайлсан байсан. Бүхнээ алдсан учраас үнэхээр сэтгэлээр унаж, уйлсан. Хүүхдүүдээ сургуульд явуулах мөнгө надад байгаагүй. Манай гэр бүл бүтэн жил зүдэрсэн” гэж тэрбээр ВВС-гийн сурвалжлах багийнханд ярьсан байна.
Байдал үүнээс ч дор байх нь бий. Тариачид ванилийн суулгацаа 24 цагийн турш хамгаалах хэрэгтэй болдог. Хулгай, дээрэм, хүчирхийлэл болох нь их. Ванильтай холбоогоор Мадагаскарт хүн амины олон арван хэрэг гардаг. Зарим хамтралынхан зэвсэглэсэн цагдаагаар хамгаалуулах гэсэн нь ч бүтээгүй. Хэсэг тариачин хуулийг гартаа авчихсан гэнэ. Нутгийн оршин суугчдын ярьснаар ойролцоох тосгонд том хутга буюу мачетагаар зэвсэглэсэн олон тариачин хулгай хийсэн байж болзошгүй таван этгээдийг цавчин хөнөөжээ. Хүн амины хэргийг цагдаагийнхан ч илрүүлээгүй. Тэдэнд ванилийн хулгайн хэргийг мөрдөх хүсэл, боломж байхгүй. Хааяа л тохиолдлоор хулгайч нарыг илрүүлэн шийтгэдэг хэмээн тосгоныхон ярьж байна.
Тосгоны ахлагч залуу Леоны гэрийн гадаа ирж, мэндэлцгээсний дараа болсон хэрэг явдлыг дуулаад царай нь барайж, “Хулгайн халдлагад өртөхгүйн тулд боломжтой бүхнийг бид хийх ёстой. Амь зуух хэрэгслээ алдсан хүн бусдын амийг хороохоос буцахгүй л болно” гэв.
ТАНСАГ АМТ
Мадагаскараас 1000 милийн (нэг миль=7420 м) зайтай Британийн нийслэл дэх мөхөөлдөсний “Oddono” дэлгүүр Өмнөд Кенсингтоны хөл хөдөлгөөн ихтэй гудамжны пиццаны газар болон кафены дунд байдаг. Хананд нь олон шагнал өрсөн харагдана. Францын “Valrhona” шоколад, Сицилийн ангаахай самар, Пьемонтын фундук (hazelnut) гээд хамгийн шилдэг орц, найрлагатай, итали зайрмагтай гэж эзэд нь гайхуулдаг. Өнгөрсөн жил нэг төрөл нь гараагүй гэнэ. “Ванильтай мөхөөлдөс байхгүй хэмээн худалдан авагч нартаа хэлэхэд олонх нь мэл гайхсан” гэж тус дэлгүүрийн эрхлэгч Кристиан Оддоно өгүүлжээ.
Өнгөрсөн жилийн Мадагаскарын ванилийн ургацын үнэ их өндөр атал чанар маш тааруу гэж үзээд Кристиан ийм орцтой зайрмагаа цэснээсээ хассан аж. “Ваниль хэт чийгтэй, заримаас нь хөгц үнэртэж байсан нь хатаах үйл явцыг зохих ёсоор хийгээгүйг илтгэнэ. Харин энэ жил Мадагаскараас өөр нийлүүлэгч олсон. Үнэ өндөр учраас бид мөхөөлдөсний үнээ ч нэмлээ. Гэхдээ үйлчлүүлэгчид гомдол мэдүүлээгүй. Улам олон хүн лабораторид үйлдвэрлэсэн химийн бодис, амт оруулагчаас зайлсхийдэг болсон” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.
Манай гараг дахь ванилийн нэг хүрэхгүй хувь нь жинхэнэ шошных аж. Бид өдөр тутам иддэг амттан шигээ ванилийг хай сайгүй байдаг хэмээн боддог. Гэтэл тэдгээр нь амт, үнэр төдий хиймэл орлуулагчтай байх нь элбэг. Хиймэл ванилиныг XIX зуунаас үйлдвэрлэж эхэлжээ. Үүнийг нүүрс, давирхай, будааны хивэг, модны целлюлоз, бүр үхрийн бааснаас олборлодог байжээ. Өдгөө нефть-химийн бүтээгдэхүүнээс голчлон гарган авч байна. Энэ нь жинхэнэ ванилиас 20 дахин хямд. Атлантын далайн хоёр талаас нийлүүлдэг хүнсний бүтээгдэхүүн бэлтгэх аргаасаа шалтгаалаад үнэ өндөр байдаг.
Европ, АНУ-гийн “ваниль” гэсэн бичигтэй зайрмагны орц байгалийн гаралтай бүтээгдэхүүний найрлагатай байх ёстой. Хэрэв хиймэл орцтой бол савлагаан дээрээ амт оруулагчтай, хиймэл ванильтай гэж бичдэг аж. Мадагаскарын ваниль хурц үнэр, амттай учир мөхөөлдөс үйлдвэрлэгчид бусад улсынхыг авахыг илүүд үздэг байна.
Үйлдвэрлэгчид хиймлээс жинхэнэ рүү шилжихэд хүрч буй. “Hershey”, “Nestle” зэрэг том корпорац байгалийн гаралтай ванилийн хандыг их хэмжээгээр худалдан авах болсон нь цөөн нийлүүлэгчийн ачааллыг ихэсгэж, үнэ улам өсөхөд хүргэж буй гэнэ. Сүүлийн 10 жилд ванилийн үнийн савлагаа их байв. Мадагаскарын 80 мянган тариачин тариалалтаа бусад улсынхаас ихэсгэсэн нь тус аралд болж буй үйл явдал дэлхийн үйлдвэрлэлд шууд нөлөөлжээ. Хатаасан ванилийг өнгө, чийг, уртаар нь ангилж байна. 2017 оны гуравдугаар сард тус арлыг дайрсан “Эново” хар салхи тэр жилийн ургацын дийлэнх хэсгийг устгасан. Ванилийн хамгийн том хоёр бүс нутаг үүнд нэрвэгджээ. Тэр цагаас жижиг үйлдвэрлэгчид эрэлтийг нэмэхийн төлөө тэмцэж буй аж. Шинэ ургамалд ванилийн хальс ургахад 3-4 жил шаарддаг гэнэ. Үнэ өссөөр 2012 онд нэг кг ваниль 20 ам.доллар байсан. 2018 онд 600 ам.долларт хүрснээ зургадугаар сард нь 515 болж хямдарчээ. 2019 онд Мадагаскарын ванилийн дундаж үнэ гуравны нэгээр доошилсон ч үйлдвэрлэл нь өргөжихийн хэрээр буурахаа больсон гэнэ. Мөн онд тус арал дахь ванилийн ургац 1.5 мянга орчим тонн болсон бол 2020 онд 2000-д хүрнэ гэж шинжээчид тооцоолжээ.
Хэдийгээр Мадагаскар ванилийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч хэвээр байгаа ч өрсөлдөгчид аажмаар араас нь нэхэж буй. Индонез, Папуа-Шинэ Гвиней жилд 200 орчим, Уганда, Коморын арлууд жил бүр зах зээлд тус бүр хэдэн арван тонн ваниль нийлүүлж байна. Анхилуун ваниль Мексикээс гаралтай боловч өдгөө үйлдвэрлэл нь харьцангуй багасжээ. Мадагаскарын үйлдвэрлэлийн хэмжээ Мексикийн 1960-аад оны үзүүлэлтийг давсан байна.
Францын колоничлогчид ванилийг Мадагаскараас хөрш Реюньон арал руу XIX зууны эхээр анх хүргэсэн нь 90 метр өндөр болж ургаж буй гэнэ. Ванилийн иш Мексикээс гадна сайн ургасан ч үр жимс болох хальс нь бараг гараагүй аж. Ванилийн цэцгийн тоосыг Төв болон Өмнөд Америкт амьдардаг мелипон гэдэг жижиг зөгий л сайн хүртээдэг. Ингэж тоос хүртсэн ваниль жилд ганц л удаа цэцэглэдэг ба энэ нь дэлбээлснээсээ хойш 8-12 цагийн дараа л үр тогтоодог байна. Харин Реюньоны Эдмон Альбиус гэдэг боол хүү гараар тоос хүртээх арга олжээ. Цэцгийн эр, эм хэсэг хоорондын нимгэн хөвсгөр бүрхүүлийг нарийн хурц саваагаар өргөж, хооронд нь нийлүүснээр тоос хүртдэг гэнэ. Ингэж цэцэг бүрийг тоос хүртээснээр олон мянган хар үр дүүрэн ванилийн хальс бий болж, эцэст нь бид чанартай орцтой зайрмаг иддэг аж.
Мадагаскарын тариачид өглөө бүр шалгаж, хөрсөө бордож, ургамлаа гэмтээхгүй байвал ургац сайн авна. Ганц кг савласан ванилийн шош үйлдвэрлэхэд гараар тоос хүртээсэн 600 орчим цэцэг шаардлагатай. Тоос хүртсэн ванилийн ургацыг есөн сарын дараа хураадаг. Жижиг тариачид ногоон хальсаа зуучлагч нарт худалдаж, тэд цааш нутгийн экспортлогчдод нийлүүлдэг. Эл шатанд ваниль үнэр, амтгүй. Тоос хүртээхээс хатааж боловсруулаад экспортод гаргахад бараг жилийн хугацаа ордог гэнэ. Ногоон шошийг нь буцалж буй усанд дүрч, фермент үүсгэх үйл явцаг зогсоодог. Бэлэн болсон бүтээгдэхүүн нь хар хүрэн өнгөтэй, их үрчлээтсэн хальстай хэдий ч зөөлөн, уян хатан, бас хурц үнэртэй байдаг. Үүнийг вакумжуулан савлаад хэдэн сар хадгалж болдог аж.
ОЙ МОДЫГ СҮЙТГЭЖ БАЙНА
Масоала үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захын эрэг дагуу усан онгоцтой явахад Өтгөн ногоон ойг огтолсон тариалангийн талбайнууд харагдана. Ванилийн үнэ өсөхийн хэрээр тус хүрээлэн ийм шархтай болж байгааг хамгаалагч Арман Марозафи болон байгаль орчныг хамгаалагч идэвхтэн Кловис Разафималала нар ярьжээ.
Ванилийн мод суулгах газраа цэвэрлэхийн тулд тариаланчид эргийн томоохон газрын ойг шатаадаг аж. Устах аюул нүүрлэсэн лемурууд (сармагчны төрөл) болон бусад ургамал, амьтан, шавжийн амьдрах орчин улам хумигдаж, өтгөн ой, ороонго ургамлын оронд тариалангийн талбайн хүрээ тэлсээр байна. Тайрсан модод 100 гаруй жилийн настай аж.
Нөгөөтээгүүр, дэлхийн эрэлтийг хангахын тулд байгаль орчиндоо нөхөж баршгүй хохирол учруулсан хэмээн ванилийн арлынх нь нэр хүнд унаж байгаад Мадагаскарын оршин суугчид түгшиж байна. Ургамал, амьтан нь устахын хэрээр ваниль ургах хосгүй нөхцөл ч үгүй болж байгаа аж. Ой мод нь тус арлыг алдаршуулсан ванилийн ургах хөрс, чийг, тунадасны гол эх сурвалж юм. Мод тайрах нь ванилын чанарт ч нөлөөлж буй. Эл чанарыг хангах шинэ аргыг тус салбарынхан хайх, худалдан авагчид өөр үйлдвэрлэгч олох хэрэгтэй болж байна.
Маруанцетрагийн тариачин Франсуа Равелонхара тариалангийн жижиг газрынхаа ванилийн хальсан дээр серийн дугаараа тавьсаар. Тэдгээр нь хулгайчаас сэргийлж, өмчлөх эрхийн баталгаа болгон Засгийн газраас нь ваниль үйлдвэрлэгчдэд тараасан дугаар юм. Харамсалтай нь, ийм тэмдэглэгээ түүний талбай руу хулгайч нар хоёронтоо халдахад саад болоог үй аж. “Үнийг дахин хямдруулсан дээр юм. Бид орлого багатай ч айдасгүй аж төрж байжээ” хэмээн Франсуа Равелонхара өгүүлжээ. Ванилийн зах зээлд олон жил ажиллаж байгаа худалдаачид болон тариачид ч мөн адил бодож байна. Өнөөгийн энэ их эрэлт удахгүй буурч, уршиг нь өнө удаан үлдэнэ гэдгийг тэд мэдэж буй.