“Олонх хүн яагаад нэр алдар, эд хөрөнгөд үхэн хатан шунадаг юм бол” гэж сурагч байхдаа өөрөөсөө асуудаг байв. Тэр үед В.И.Гётегийн “Фауст”-ыг уншсан боловч ойлгоогүй. Дараа нь оюутан байхдаа дахин “барьж авсан” ч дөнгөж л захаас нь зуураад орхисон. ОХУ-ын Театр урлагийн академи (ГИТИс)-ийг дүүргэсэн, залуу найруулагч М.Батболд хоёр жилийн өмнө эл зохиолыг пост драм жүжиг хэлбэрээр Монголын үзэгчдэд анхлан хүргэхэд нь хэрэгт дурлаж, үзсэн юм. Эх зохиолын хэлэх санааг найруулагчийн содон шийдлээр чимсэн нь сонирхолтой санагдсан. Харин энэ онд тэрбээр “Альфа” пост драмын театр байгуулж, “Фауст”-аа үзэгчдэд дахин гурван өдөр толилуулахад нь үзэв.
“НОЁН ОРГИЛ”
И.В.Гётед “Фауст” жүжгээ бичих санаа бүр 1770-аад онд төрсөн боловч эцсийн хувилбарыг таалал төгсөхөөсөө ганц жилийн өмнө буюу 1831 онд дуусгасан гэдэг. Тэрбээр эл жүжгээ олны дунд их түгсэн Фауст гэх эрдэмтний тухай герман ардын домгоос сэдэвлэн бичсэн аж. Харин бодит ахуйн реалист дүр зураглалыг “Библи”, ардын аман зохиолоос уламжлалтай дам яриа, хийсвэрлэл, ёгтлол, уран сэтгэмж, бэлгэдлийн арга маягтай хослуулан дүрсэлжээ. Бүтэн 60 жилийн турш туурвисандаа бус, хүний мөн чанар, амьдралын үнэ цэнийг утга төгс, уянгын халил бүхий уран нарийн хэллэгээр бичсэн нь энэхүү зохиолыг дэлхийн сонгодог жүжгийн тулгын гурван чулууны нэг хэмээн өргөмжилсөн биз. Ташрамд сонирхуулахад, Монголын үзэгчдэд ДБЭТ-ын уран бүтээлчид “Фауст” дуурийг 1969 онд хүргэсэн түүхтэй. Харин жүжиг хэлбэрээр найруулагч М.Батболд анхлан хүргэснээрээ Монголын театрын урлагийн түүхэнд үлдэх нь. Тэрбээр “Биднийг өөрчилж чадах ганц зүйл бол өөрсдөө. Жинхэнэ аз жаргал эцэст нь төлөх төлөөсгүй. Бусдын аз жаргалын төлөө үнэн сэтгэлээсээ амьдрах нь хүн болж төрсний утга учир” гэдгийг “Фауст”-аар үзэгчдэд ойлгуулахыг хичээв.
НАЙРУУЛАГЧИЙН ХҮСЭЛ
Хэдэн зууны өмнө бичсэн хэр нь утга, агуулга нь одоо цагт ч үнэ цэнээ алдаагүй нь “Фауст”-ын гайхамшиг аж. Зохиолын үйл явдал нь өнөөгийн бидний амьдарч буй нийгмийг урьдчилаад харчихсан мэт өрнөдөг нь сонирхолтой. Харин гүн ухааны жүжиг учраас аль болох сонирхолтой, орчин үеийн хэлбэрээр л тавихгүй бол үзэгчдийг уйдаана. Иймийн учир найруулагч М.Батболд ур, ухаанаа нэлээд “уудалжээ”. Тэрбээр Москвад төдийгүй эх орондоо эхний гуравт эрэмбэлэгддэг, орчин үеийн “Станиславский” хэмээгддэг Сергей Васильевич Женовач, импрессионист болон пост театр урсгалыг баримтлагч, өдгөө ид нэрд гарч буй Юрий Николаевич Бутусов нарын шавь. М.Батболд “Эсрэг, тэсрэг хоёр найруулагчаар удирдуулж, таван жил “нухуулсан” минь аз. Aливаа жүжгийг найруулахдаа шийдлийг нь олж чадахгүй бол битгий хий, цагийн гарз гэдэг.
Агуу Е.Б.Вахтангов “Гамлет”-ыг хийнэ гэж бүхэл амьдралынхаа турш хүсэж мөрөөдсөн ч чадаагүй. Булшин дээр нь “Энд домогт найруулагч Е.Б.Вахтангов нойрсож байна. Түүнд ганцхан “Гамлет”-ыг л хийх дутуу байсан” гэж бичсэн байдаг. Мэдээж Е.Б.Вахтангов “Гамлет”-ыг хийж чадахгүйдээ биш, шийдлийг нь олоогүйд л учир байгаа юм. Миний хувьд ГИТИс-д суралцах хугацаандаа хийсэн туршилтууд “Фауст”-ыг хийхэд хүргэсэн” гэсэн. Мөн тэрбээр “Би жүжгээрээ үзэгчдийг сэтгэл зүйн хүчтэй нөлөөлөлд автуулж, далд ухамсарт нь нөлөөлснөөр сэтгэлгээний түвшинд хөгжих боломж бүрдүүлэхийг хүссэн. Үзэгчдийг эхлээд “Фауст” зохиолыг уншиж ойлгон, өөрөө төсөөлж, дараа нь миний харж буйтай харьцуулаасай гэж хүссэн” гэж онцолсон. Пост драм бол дэлхийн орчин үеийн, өнөөдрийн үзэгчдэд зориулсан театрын шийдэл бүхий илэрхийлэл. Үүнийг тэрбээр Монголын үзэгчдэд хүргэхээр зорьсоноо “Фауст”-аар харуулав.
ЧАМИН ШИГТГЭЭНҮҮД
Хоёр бүлэг, 14 үзэгдэлт “Фауст” жүжгийн зохиолыг Н.Пүрэвдагва орчуулж, Т.Ганболд продюсероор ажиллав. Гурав дахь удаагаа үзэгчдэд хүргэсэн учраас мэдээж шийдлийн хувьд бага зэрэг өөрчилжээ. Гэхдээ гол нуруу нь хэвээрээ. Тоглох уран бүтээлчдийн бүрэлдэхүүнийг ч шинэчилсэн аж.
Жүжиг бурхан, чөтгөр хоёр ярилцаж буйгаар эхэлнэ. Тайзыг өвөрмөц засаж, бурхныг бяцхан хүүгээр төлөөлүүлэн, холограм дүрсээр илэрхийлсэн нь сонирхолтой. Жүжигчин тайзан дээр тусах холограм дүрстэй амьд мэт харилцан тоглох нь сонирхолтой. Бас жүжигчний уран чадварыг гайхуулна. Бурхан, чөтгөр хоёр аз жаргал, хүн төрөлхтний мөн чанарын тухай мэтгэлцэж, үүндээ Фаустыг оролцуулан, туршихаар шийднэ. Чөтгөр Фаустыг хайр дурлал, эд хөрөнгө, эрх мэдлээр урхидан амьдралд хөл алдуулахыг оролдоно. Харин бурхан Фаустад итгэнэ. Мефистофель (чөтгөр)-д өмнө нь Гавьяат жүжигчин Л.Баттулга тоглосон бол энэ удаа найруулагч “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүүг сонгожээ. Дэлхийн олон орны театрт “Фауст” жүжгийг тоглоход эл дүрийг тухайн орны хошин урлагийн мастерууд “амилуулж” байсан түүхтэй. Маш егөөтэй, хөдөлгөөнтэй, их ур шаардсан энэхүү дүрд тэрбээр гарамгай тоглож, найруулагчийн итгэлийг эвдсэнгүй. Эргэн сануулахад, Т.Бархүү өмнө нь “Х ТҮЦ” продакшныхаа “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”-аас гадна Төрийн шагналт Д.Сосорбарамын найруулсан, Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө”,
“Сайтар эргэцүүл” жүжигт тоглож байв.
“Тэнгэрт мэлтийх саран чи
Тэнэг миний зовлонг сарниулаач
Уудмын гэрэлд чинь умбасан
Уулсын оройд гаръя
Энэ биеийн шаналанг умартан
Эгнэгт би ариусъя, наана чинь” хэмээн өтөл Фауст бортоготой хор ам руугаа дөхүүлж буйгаар жүжиг үргэлжилнэ. Гүн ухаан, хууль цааз, aнагаах ухааныг судалж, сүүлд нь шашны номд ч нэвтэрсэн Фауст эрдэм, шинжлэх ухааны оргилд хүрмэгц бодит амьдралын хүлээсэнд чулуужиж буйгаа мэдрэн, сониуч сэтгэлийнхээ цангааг тайлах зүйл олж чадахгүй тийчилж байгаа нь тэр. Эл дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран тоглосон. Монголын театрын урлагт амьдралынхаа 50 гаруй жилийг зориулсан тэрбээр одоо ч тайзан дээр гэрэлтсэн хэвээр.
УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ идэр насны Фаустад гурав дахь удаагаа хувирав. Ид насандаа, улам л ир орж, тайзнаа “гялтганаж” буй эл жүжигчний талаар найруулагч М.Батболд “Фаустын дүрийг бүтээх жүжигчин Монголд С.Болд-Эрдэнээс өөр байхгүй. Хэрэв Ардын жүжигчин Л.Жамсранжав агсан амьд сэрүүн, ид насандаа гялалзаж явсан бол энэ дүрийг гайхамшигтай бүтээж чадах байсан” гэсэн удаатай.
Нээрэн л С.Болд-Эрдэнэ “Өөр ямар жүжигчин тоглож болох бол” гэх бодол төрүүлэхээргүй, жинхэнэ Фауст байв.
Жүжгийн бусад дүрд, тодруулбал, бурханд Б.Хатанбаатар, Маргаритад залуу жүжигчин Ц.Цэлмүүн, Валентинд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Вагнерт М.Лхагва, Мартад Б.Одгэрэл тоглосон. Хөгжмийн зохиолыг М.Болд бичсэн бол тайзны зураачаар Г.Ганбаатар ажиллажээ. Тэдний урласнаар үзэгдлээс үзэгдэлд, үйл явдал өрнөх бүрт тайзнаа там, сүнсний ертөнц, эгэл хүний амьдрал цогцолж, тэр бүхэнд тохирсон хөгжим эгшиглэх нь үзэгчдийг гурван цаг Фаусттай хамт зүүдэлж буй мэт автуулах аж. Гэрлийн ойлт буюу холограм дүрсээр хоосон тайзан дээр бодит мэт дүрслэл харуулж, мөн зарим хэсэгт шууд бичлэг хийн дэлгэцнээ гаргаж, мөн элсэн зураг ашигласан нь бүр ч сонирхолтой байлаа.
“АЛЬФА” ТЕАТР
“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд, найруулагч М.Батболд нар хамтран “Альфа” пост драмын театр байгуулсныг дээр дурдсан. Тэд Монголын театрын урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргах, дэлхийнхтэй эн зэрэгцүүлэх, нийгмийн сэтгэлгээний түвшин, үзэгчдийн оюун санаа, гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрлийг театрын уран бүтээлээр дамжуулан нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн баг бүрдүүлж, уг театрыг байгуулсан аж. Тус театрынхан энэ онд “Араатан ба үзэсгэлэн гоо” хүүхдийн жүжгийг хүргэх бол хойтон жил Майк Бартлеттын “Хайр, хайр, хайр”, Карло Гоццигийн “Турандот гүнж”, Мариус Майенбургийн “Төгс гоо сайхан”, “Алиса гайхамшгийн оронд” зэрэг сэтгэл зүйн, уянгын, хүүхдийн жүжгийг үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн: А.Тайшир