Лев Толстойн “Анна Каренина” романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон толилуулах гэж байна. Тус жүжгийн хувьд Аннагийн хоёр дүртэй. 27 настай залуу Анна Каренинагийн дүрд СТА, Н.Баярмаа тоглосон бол 70 настай Аннагийн хувь заяаны дүрд Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд тоглосон байна. Ингээд түүнтэй дүрийн онцлог болон зохиолын талаар цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө танд болон танай хамт олонд "Анна Каренина" жүжгийг тавих гэж байгаад баяр хүргэе.
-Их баярлалаа
-Таны дүр бол "Анна Каренина" зохиол дээр байхгүй дүр шүү дээ. Дүрийнхээ онцлогоос яриач?
-Найруулагчийн уран сэтгэмжээр бий болсон дүр. Залуу болон хөгшин Анна гээд хоёр өөр насны дүр. Дүрийн хувьд ямар учиртай, яагаад энэ дүрийг оруулсан талаар үзэгчид өөрсдөө үзээд өөр өөрсдийнхөө оюун санаагаар сэтгэж бодож, олох байх.
-Зохиол нь өөрөө эмэгтэй хүний дотоод сэтгэлийг харуулсан зохиол гэгддэг. Тэр утгаараа би Аннагийн дотоод дүрийг гаргасан дүр болов уу гэж таамагласан?
-Яахав дотоод дүр байж болно. Гэхдээ дотоод сэтгэл, дүрийг гаргана гэвэл ижил насны аннаг гаргаж болно. Харин ахмад насны Аннаг гаргасан нь өөрөө учиртай. Анна бол жүжгэн дээр залуугаараа үлдээд, харин хөгшин Анна нь алга болж байгаа юм. Үүнийг үзэгчид өөр өөрсдийнхөөрөө бодож, ухаж ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, үзэгчид яагаад гэдэг асуултыг тавих биш. Манай жүжиг, миний дүр өөрөө үзэгчдэд асуулт үлдээж байгаа юм. Анна хэрэв 70 нас хүрсэн бол ямар амьдрал туулж 70 нас хүрэхийг үзэгчид бодох хэрэгтэй.
-Мөн таны дүрийг Аннагийн хувь заяаны дүр гэсэн. Ер нь хүн өөрөө хувь заяагаа шийддэг үү. Хувь заяа хүнийг шийддэг юм болов уу?
-Хүн өөрөө хувь заяагаа шийднэ. Аннагаар жишээлэхэд хэрэв өөр замыг сонгосон бол 70 нас хүртлээ байж байх ёстой. Тэгэхээр хүн өөрийнхөө хувь заяаг шийддэг. Мэдээж эргэн тойрны олон хүчин зүйлс нөлөөлнө. Гэсэн хэдий ч хүн тэр дундаас өөрийн замаа олно.
-Өмнө нь ер нь Лев Толстойн бүтээлээс УДЭТ тоглож байсан уу?
-Толстойн "Адууны түүх" зохиолыг жүжиг болгон тавьж байсан. Ер нь Толстой хүний амьдралыг, сэтгэлзүйг маш нарийн бичиж гаргадаг зохиолч юм. Зохиолуудаас нь нэрлэвэл "Дайн ба Энх", "Адууны түүх", "Анна Каренина" зэрэг байна. Энэ зохиолч бол янз бүрийн замаар хүний оюун санаа, сэтгэлийг гаргаж чаддагаараа онцлог. Ийм том зохиолчийн жүжгийг тайзан дээр найруулж, жүжиг болгон тавина гэдэг бол бидэнд маш том сургууль юм.
-"Анна Каренина" жүжгээс үзэгчид ямар санааг ойлгож, юуг мэдрээсэй гэж та хүсч байна вэ?
-Хүн ерөөсөө амьдралынхаа бүх үе шатанд сонголт хийдэг. Өөрт тулгарсан асуудлаа олон замаар шийдвэрлэдэг. Тэр олон зам дотроос зөв шийдлийг сонгож чаддаг байх ёстой. Хүн бүрийн дотор бурхан чөтгөр хоёр хамт оршдог гэдэг шүү дээ. Хоёулаа л өөрсдийнхөө бодлоор тэр хүнийг чиглүүлэх гэж боддог. Чухам алийг сонгохыг тухайн хүн өөрөө мэднэ.
-Ярилцсанд баярлалаа.