Хан-Уул дүүрэгт баригдсан 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв эмнэлэг ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад орно гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэв. Уг барилгыг өнгөрсөн долоодугаар сард Улсын комисс хүлээн авсан бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжийн захиалгыг хийсэн байна.
Түүнчлэн тус эмнэлгийн 300 орны 150 нь хүүхдэд, 150 нь эх барих эмэгтэйчүүдийн ор байх юм. Ирэх өвөл ханиад томуугийн ачааллын үед эмнэлгийг ажиллуулж эхлэхээр төлөвлөж, ажиллах эмч, мэргэжилтнүүдийн судалгааг гаргаж буй аж. ЭХЭМҮТ-өөс туршлагатай эмч, сувилагч нар ажиллана. Энэ барилгад нийслэлийн Хоёрдугаар амаржих газар нүүж орно хэмээн ЭМ-ийн сайд мэдээллээ.