“Ковид-19” цар тахлын улмаас цөөнгүй улс олон нийтийг хамарсан арга хэмжээ, үзвэр, үйлчилгээ, боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон билээ. Манай улс ч өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, олон нийтийн арга хэмжээг хориглосон. Харин энэ сарын 1-нээс УОК-ын шийдвэрээр олон нийтийн үзвэр, үйлчилгээний газрыг үе шаттай нээх болсон. Үүний дагуу Уран зургийн галерей өнгөрсөн баасан гаргаас үүдээ нээж, урлагаар сэтгэл засах үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Галерейн захирал Б.Сарантуяатай ярилцлаа.
-Урлагийн сэтгэл заслын танхимын үйл ажиллагаа хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байна. Энэхүү үйлчилгээний гол онцлог юу вэ?
-Өнгөрсөн оны есдүгээр сараас бид “Урлагийн сэтгэл засал” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Тус танхимд жилийн хугацаанд 300 гаруй иргэн үйлчлүүлсэн. Энд ирсэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж өндөр байдаг. Учир нь нуугдсан уй гашуу, баяр баясгалангаас үлдсэн мэдрэмжээ гагцхүү энд чөлөөлж чаддаг. Уран зургийн сор болсон 4-5 бүтээлийг эх хувиар нь нэг өрөөнд байршуулдаг. Тэрхүү бүтээлүүд нь өөр өөрийн өгүүлэмжтэй. Үйлчлүүлэгчийг тус танхимд ороход сэтгэлзүйч угтан авч, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг. Ингэхдээ өнгө, үнэр, аялгууг ашигладаг.
-Энэ хөтөлбөрт сонирхсон хүн бүхэн хамрагдах боломжтой юу?
-Хөтөлбөр хүн бүхэнд нээлттэй. Галерейн утас руу залгаад бүртгүүлэх боломжтой юм. Энэхүү хөтөлбөрөөс салбарлан гарсан ажил цөөнгүй бий. Хүний дотоод ертөнц рүү өнгийх амаргүй. Бид эхний ээлжид ачаалалтай ажилладаг төрийн байгууллагын албан хаагчдад үйлчилж байсан. Дараа нь ШШҮХ-тэй хамтран хорих 405 дугаар ангид хөтөлбөрөө хэрэгжүүлсэн. Мэдээж хөтөлбөрт хамрагдсан хүмүүжигчдээс амаар болон бичгээр зөвшөөрөл авч, хуулийн хүрээнд ажилласан. Хөтөлбөрт хамрагдсан хүмүүжигчид бүгд уйлсан. Хүн гаднаасаа ямар ч харагдаж болно. Гэхдээ тэд бүгд зүрх сэтгэлтэй гэдгийг харуулж чадсан. Тэнд байдаг нийгмийн ажилтан, сэтгэлзүйчээс илүүтэй уран зураг, орчин, үнэр хүмүүжигчдэд нөлөөлсөн. Сэтгэлийн мухар дахь энэлэл шаналлыг нь уудлахад урлагийн сэтгэл засал ямар чухал болохыг бид давхар судалж, “Уран зураг хүмүүний сэтгэлд” баримтат кино бүтээсэн. Уг бүтээлээ олон улсын кино наадамд сойхоор бэлдэж байгаа.
-Энэ зун галерейд ямар арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөтэй вэ?
-2020 он гараад удаагүй байхад улс даяар хөл хорио тогтоосон. Тэгэхээр шинэ уран зураг, бүтээл олон бий гэсэн үг. Манай байгууллага Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгтэй хамтран ажиллах болсон. Галт тэргэнд тусгай өрөө гарган “Галерей аялж байна” төсөл хэрэгжүүлэх юм. Энэхүү ажил одоогоор яриа хэлэлцээрийн шатанд явна.
Галерейн үйл ажиллагаа өчигдрөөс хэвийн үргэлжилж байгаа. Онц байдал зарласан үед иргэд амны хаалттай үйлчлүүлэхийг анхаарах хэрэгтэй. Бид 09.00-18.00 цагт ажиллана. Амралтын өдрүүдэд ч ажиллах юм. Мөн удахгүй болох Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дээрх цагийн хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөсөн.
Бэлтгэсэн: Э.Намуунцэцэг