“Монголын сайхан орон” үзэсгэлэнг өчигдөр “Norpei art” галерейд нээлээ. Төрийн тахилгат 10 хайрхны “хөрөг”-ийг буулгасан гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы бүтээлүүдээс зураач Ө.Эрдэнэбулган санаа авч зурсан сонирхолтой бүтээлүүд бүхий үзэсгэлэнг санаачлагч нь урлаг судлаач, “UB art” галерейн захирал Х.Дамдинсүрэн. Тэрбээр өнгөрсөн жил хойд хөршийн олон хотод “Хөх тэнгэрийн орон” нэрийн доор Монгол эх орноо сурталчилсан үзэсгэлэн гаргасан бөгөөд энэ төслийнхөө хүрээнд дээрх залуустай хамтарч буй аж. Зураач Б.Эрдэнэбулган “Энд зөвхөн шинэ бүтээлүүд дэлгэлээ. Монголчуудын зүрх сэтгэлдээ тээж, сүсэлж явдаг хайрхнуудыг гэрэл зургаас харж зурах завшаан тохиосон юм. Заримыг нь сайн мэднэ. Очиж байсан. Хөл тавих нь бүү хэл, барааг нь хараагүй нь ч бий. Аль алийг нь зурах сайхан байлаа” хэмээв. Тэрбээр Санкт-Петербургийн Н.Репиний нэрэмжит академийг 2017 онд дүүргэсэн, тус сургуулийг төгссөн отгон монгол зураач юм. Уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн олныг гаргаж байсан тэрбээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 35 орны зураачдын үзэсгэлэнд эх орноо төлөөлөн “Монгол малчны хөрөг” зургаараа оролцож байв. Уг бүтээл нь өдгөө Шанхайн дүрслэх урлагийн нэгэн галерейд хадгалагдаж буй гэсэн.
“Монголын сайхан орон” үзэсгэлэн энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ.
Бэлтгэсэн: Р.Оюунаа