-Улаанбаатарын гудамж, талбайн 80 хувийг камержуулахад 110-150 тэрбум төгрөг шаардлагатай-
“Утасны цаанаас том дуугарвал дуу хураагаад авчихна, цахимд цадиггүй загнавал мэдээллийг нь скрийншот хийгээд илчилнэ. Найз нөхдийнхөө дунд дарвисан ч бичлэг хийчихнэ. Ер нь зөөлөн гишгэж, зөв амьдрахгүй бол зураг хөрөг, нэр устайгаа “мандах” хорвоо юм даа” гэж хэсэг залуу наадам наргиан болгон ярьж сууна. Инээдмийн цаана эмгэнэл ч нуугдаж байж болзошгүй. Үүнийг арай өргөн хүрээнд авч үзвэл техник, технологийн шинэ шийдэл, ухаалаг утас, цахимжсан үйлчилгээ, камержсан хот гээд бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байна. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хууль хүчний зэрэг бүх л салбарт техник, технологийн шинэ шийдлүүд нэвтрүүлж, ирээдүй хойчоо том зүрхтэй бус, тархитай байхыг шаардах болсон. XXI зуунд эсгий гэрт амьдарч буй монголчууд интернэттэй найзалж, дэлхийн мэдээллийг хүссэн үедээ цаг алдалгүй авах боломжтой нь сайшаалтай. Гэвч бүхнийг цахимжуулж, камераар хянаж хэт туйлшрах нь хүний халдашгүй эрх, хувийн нууц, орон зайд хууль бусаар нэвтрэх эрсдэлтэйг зарим судлаач хэлэх болов. Тухайлбал, Улаанбаатар хотод нүүр царайгаар таньдаг ухаалаг камерууд суурилуулахаар болсон нь хүний эрхийг ноцтой зөрчих аюултай гэж үзэх хүн цөөнгүй байна.
“Аюулгүй хот” төслийн хүрээнд нийслэлийн гудамж, талбайн 80 хувийг камержуулах гэнэ. Энэ ажлыг гурван үе шаттай хэрэгжүүлэх юм байна. 2020-2021 онд замын хөдөлгөөний хяналтын 600, хэв журмын 1500 орчим камер суурилуулахаар төлөвлөжээ. Ирэх жил хотын суурьшлын бүсийн 40 хувийг, 2022 онд 6822 цэгийг камержуулснаар нийслэлийн гудамж, талбайн 80 хувийг хянахаар тооцоолж. Ингэснээр гэмт хэрэг 40-50 хувь буурах гэнэ. Энэ тухай нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хянадаг 3689 камераас 2100 буюу 57 хувь нь цахилгаан, тэжээлийн найдваргүй холболт болон шилэн кабель, тоног төхөөрөмжийн гэмтэлтэй. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын ажлыг хөнгөвчлөх, үйл ажиллагааг нь бэхжүүлэх зорилгоор Улаанбаатарт “Нэг тархи” нэгдсэн системийг бий болгохоор зорьж байна. Гурван жилийн хугацаанд нийслэлийг бүхэлд нь камераар хянах боломжтой. Хариуцсан албан тушаалтнууд камерын стандарт, аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарах хэрэгтэй. Царай, дугаар, шинж чанараар нь автомашин, хүмүүсийн хөдөлгөөн таних систем нэвтрүүлнэ. Хамгийн гол нь өгөгдөл боловсруулах системийн асуудал юм. Сервер, аюулгүй байдлыг сайн хангах хэрэгтэй. Олон сувгаар цуглуулсан мэдээллээ боловсруулж, үр дүнг нь гаргахдаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь чухал” гэж өнгөрсөн сард болсон зөвлөлийн хурлынхаа үеэр онцолсон. Мөн тэр үеэр нийслэлийн Мэдээлэл,технологийн газрын дарга О.Чинзориг “Дэлхийн хотуудад ухаалаг камерын төсөл хэрэгжүүлснээр гэмт хэрэг 47.4 хувь буурсан гэсэн судалгаа бий.
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Улаанбаатарын нийтийн эзэмшлийн 311 ам км талбайн 12 хувийг камераар хянаж байна. 2019 онд улсын хэмжээнд 31 524 гэмт хэрэг гарсны 20 261 нь нийслэлд бүртгэгдсэн. Үүний 27 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлсэн бөгөөд таван хувийг нь л камераар хянаж, нотлох баримт болгон ашиглаж байна гэсэн үзүүлэлт гарсан” хэмээн танилцуулсан юм. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүний царай таних, харагдахгүй бол хөдөлгөөн, үйлдэл, шинж чанараар нь таних, автомашиныг дугаараар, зогсоолын сул зайн мэдээлэл өгөх, зөрчил гаргасан машин, хүний байрлал, маршрутыг дагаж мөрдөх, осол гаргахад дохио өгч яаралтай мэдэгдэх зэрэг давуу талтай ухаалаг систем нэвтрүүлнэ. Хамтран ажиллах байгууллагууд судалгаагаа хийж дууссан. Аравдугаар сарын 1 гэхэд төслийн нэгдүгээр үе дуусаж, үр дүнгээ өгнө гэсэн тооцоотой ажиллаж байна” хэмээсэн. О.Чинзориг даргатай өчигдөр холбогдон ухаалаг систем бүхий камерыг аль улсаас оруулж ирэхээр болсныг тодруулахад “Одоогоор хаанаас оруулж ирэх нь тодорхойгүй. Камерын сонголт хийх ажлын хэсэг гарсан. Цагдаа, тагнуул, онцгой байдал, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэргэжилтнүүд хамтран камер байршуулах газрын ерөнхий судалгааг гаргасан. Улаанбаатар хотыг камержуулах ажлыг гурван үе шаттай хийхээр болсныг мэдэж буй байх. Камерын ухаалаг системд суурилсан Нэгдсэн удирдлагын төв шинээр байгуулна. Бүх иргэнийг царайгаар нь таних боломжгүй. Сэжигтэй тохиолдлыг шинж тэмдгээр нь таньж, тухайн хүний байрлал, явсан мэдээллийг илрүүлэх юм. Энэ ондоо дөрвөн тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын гудамж талбайн 80 хувийг камержуулахад 110-150 тэрбум төгрөг шаардлагатай” гэлээ.
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 311 ам км талбайн ердөө 10 орчим хувийг л камераар хянаж буй. Хяналтын камер шаардлага хангахгүй байгааг нийслэлийн Засаг дарга хэлсэн.
Сүүлийн 10 жилийн хугацаанд 3600 гаруй камер нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр суурилуулсны 50 орчим хувь нь эвдэрч, ажиллахгүй болжээ. Хэрэв ажиллаж байсан бол нийтийн эзэмшлийн талбайн 10 гаруй хувийг хянах байж. Харамсалтай нь, нас богинотой, нэмэр багатай зүйлд тэрбум тэрбумаар нь хөрөнгө зарцуулжээ. Гэвч камерт дахиад л хэдэн тэрбумаар нь цацах болоод байна. Царай, шинж чанараар нь таньж, чагнаж, тандах үүрэгтэй, “ухаалаг” тодотголтой камерууд хэсэг хугацааны дараа эвдэрсэн, гэмтсэн, хугацаа нь дууссан гээд нийслэлийн удирдлага, хариуцсан дарга нар нь хошуугаа унжуулаад суухыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас хөрөнгө мөнгөнөөс ч илүү хүний нэр хүнд хувийн нууцыг задруулах, гэмгүй нэгнийг гэмтэн болгох вий гэсэн айдас учир мэдэх хүмүүсийн дунд байна. Царай таних технологи нь манай урд хөршид өндөр хөгжсөн бөгөөд түүний ачаар 32 жилийн өмнө хулгайлагдсан хүү эцэг, эхтэйгээ уулзсан мэдээ саяхан сонсогдсон. Монгол Улс гуравхан сая хүн амтайн дээр ардчилсан орон гэдгийг мартаж болохгүй. Энэ технологийг хэрэглэж буй зарим улсын байдлаас харахад ардчилсан Үндсэн хуульд үл нийцнэ. Үр нөлөөтэй гээд шууд хэрэгжүүлж болохгүй. Аюулгүй болон хувийн халдашгүй байдлыг тэнцвэржүүлсэн зохицуулалт хэрэгтэй” гэж О.Мөнхсайхан хуульч хэлнэ лээ.
Царай таних систем гэж юү вэ. Энэ нь дүрс бичлэгт суурилсан хүний царай таньж тогтоох чадвартай программ. Уг технологи нь дижитал бичлэг, эсвэл зургаас хүний царайг танин, хэлбэр, хэмжээ, сүүдэр зэргийг нь харьцуулж анализ хийсний үр дүнд тодорхой хэмжээний мэдээлэл цуглуулан, түүнийгээ нэгтгээд дата бааз үүсгэдэг биометрийн программ хангамж гэнэ. Itzone цахим хуудаст бичсэнээр царай таних системийн тусламжтай зургаан төрлийн мэдээлэл цуглуулан боломжтой бөгөөд нэг түлхүүр үгээр хайлт хийж болдог аж. Тухайлбал, нэгэн байгууллагад нэвтэрсэн сахалтай, нүдний шилтэй хүний бичлэгийг шүүж үзэхийг хүсвэл цаг, эсвэл байршлын мэдээллийг оруулахгүйгээр “сахалтай”, “нүдний шилтэй” гэсэн түлхүүр үгээр хайхад тухайн хүний бичлэг гарч ирэх юм байна. Гэтэл нөгөө этгээдтэй ижил “нүдний шилтэй”, “сахалтай” хүн цөөнгүй. Энэ тохиолдолд яах вэ. Нэг гэр бүл, тэр дундаа хүүхдүүд эцэг, эхтэйгээ царай төрх, үйл хөдлөлөөрөө адилхан байдаг. Нийслэлчүүдийн аюулгүй байдлыг хангах гэсэн бус, эрх чөлөө, халдашгүй байдалд нь аюул учруулах вий. Энэ талаар хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн судлаач, хуульч Л.Галбаатараас тодрууллаа.
Л.ГАЛБААТАР: Камерын үйл ажиллагааг зохицуулах хууль батлах нь зүйтэй
-Царайгаар таних технологи нь гэмт хэрэг илрүүлэх, бууруулах сайн талтай ч хүний эрхийг ноцтой зөрчих эрсдэлтэй гэж зарим хуульч үздэг. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Гэмт хэргийг 40-50 хувь бууруулахын тулд Улаанбаатарын газар нутгийг камераар хянана гэж төлөвлөж байгаа юм билээ. Энэ нь бүх оршин суугчийг гэмт хэрэгтэн байж магадгүй гэж сэжиглэж, камераар хянана гэсэн үг. Та, бид хэрэг хийгээгүй мөртлөө хэрэгтэн мэт хэзээ, хаагуур явж, хэнтэй уулзаж буйгаа байнга мөрдүүлэх нь. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг ярилцлагадаа “Холбогдох байгууллагууд шаардлагатай үед болон сэжигтэй тохиолдолд хүнийг царайгаар, эсвэл хөдөлгөөн, үйлдэл, өндөр, нам, явдал гэх мэт шинж чанараар нь таних, хайх боломжтой технологи нэвтрүүлнэ” гэж хэлсэн. Тэгэхээр энэ камер нь зөвхөн царай биш, хүний хөдөлгөөн, үйлдлийг нь бас хянах нь. Хэрэгтэнтэй ойролцоо царай төрхтэй, хөдөлгөөн, шинж тэмдэгтэй байвал гэмгүй хүнийг ч сэжиглэж, шалгах эрсдэлтэй болж байна. Камерын хяналт нь хүнийг мөрдөн мөшгөж буй үйлдэл юм. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгөхийг хориглоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8.1-т энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч мөрдөн мөшгөхийг хориглоно гэсэн байдаг. Мөн тус хуулийн 22.1.3-т мөрдөгч харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч, хяналт тогтоох ажиллагааг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр явуулна. Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгөсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Мөн эрх бүхий албан тушаалтан хувийн зорилгоор албаны техник хэрэгсэл ашиглан бусдыг мөрдөж мөшгөсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Тэгэхээр хүнийг нүүр царай, хөдөлгөөн, үйлдлийг хяналтын камераар хянах нь Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх эрхэд хууль бусаар буюу хэтрүүлэн халдах бодит эрсдэлтэй.
-Шинж чанар болон царай таних технологийн тусламжтайгаар олсон мэдээллээ хууль бусаар ашиглахгүй гэх баталгаа алга. Хүний алдар хүндийг гутаах амархан болох нь гэх хүмүүс ч бий. Үүнийг яаж зохицуулах шаардлагатай бол?
-Хүнийг царай, хөдөлгөөнөөр нь хянах камер хэр “зөв” ажилладаг вэ, хэлмэгдүүлэх эрсдэл бий юү гэдгийг сайн судлах хэрэгтэй. Британийн independent.co.uk сайтад энэ оны гуравдугаар сард гарсан мэдээллээр, Лондонд нэг хүнийг баривчлахын тулд 13 200 хүний царайг скайнердсан байна лээ. Энэ нь царай таних технологийн алдаа гаргах магадлалыг илэрхийлсэн нэг үзүүлэлт. Мөн АНУ-ын Үндэсний стандарт, технологийн институтээс тус улсад ашиглаж байгаа царай таних технологийн үйл ажиллагаанд иж бүрэн судалгаа хийхэд, ази, африк хүмүүс болон уугуул америкчуудын царайг буруу таньдаг, улмаар ийм хүмүүсийг хэлмэгдүүлэх эрсдэлтэй нь нотлогдсон. НҮБ-ын Хүний эрхийн хорооноос хүний халдашгүй байх эрхэд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар халдахаас сэргийлэхийн тулд төрийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нь хууль ёсны, тухайн тохиолдолд зайлшгүй шаардлагатай, тэрхүү ажиллагааны хамрах хүрээ, арга хэлбэр нь зорилгодоо нийцсэн буюу тохиромжтой байх гэсэн гурван шаардлага хангах ёстой гэж үзсэн. Энэ шаардлагад нийцүүлж хүний нүүр царай, хөдөлгөөн, үйлдлийг хянах үйл ажиллагааг зохицуулах ёстой. Тэгэхээр манай улсын хувьд царай таних технологи бүхий хяналтын камерын үйл ажиллагааг хэт хавтгайруулахгүй, зөвхөн шүүх, прокурорын болон олон нийтийн онцгой хяналтад, тодорхой нэг хэргийн хүрээнд, маш хатуу чанд нөхцөлтэйгөөр ашиглаж болохыг зөвшөөрсөн тусгайлсан зохицуулалт хэрэгтэй болж байна.
-Камер авсан улсаасаа хараат бус байх боломж бий юү. Аюулгүй байдал, нууцлал зэргийг хэрхэн хангах ёстой вэ?
-TheDiplomat.com сайтад энэ оны нэгдүгээр сард гарсан нийтлэлд БНХАУ-ын нийгмийн үнэлгээний систем буюу тухайн улсын иргэдийн аж амьдрал, үйл хэргийг үнэлж, тэр үнэлгээгээр нийгмийн статусыг нь тодорхойлдог тогтолцоог Төв Азийн орнуудад нэвтрүүлж байна уу гэх асуудлыг хөнджээ. Уг нийтлэлд ОХУ-ын эрдэмтэн доктор Владимир Овчинскийгийн ярилцлагаас эш татсан байна. Тэрбээр “2020 онд Монгол Улсын иргэдийн болон албаны мэдээллийг урд хөршийн албаны хүмүүс хүлээн авч, боловсруулах эрсдэлтэй болсон. Энэ үйл явц 2018 оны аравдугаар сараас эхэлсэн бололтой” гэж дурджээ. Тэгэхээр хүний нүүр царай, хөдөлгөөн, үйлдлийг хянах чадалтай хяналтын камерын мэдээллийн санг өөр зорилгоор ашиглахгүй байх, гаднын халдлагаас хамгаалахад онцгой анхаарах шаардлагатай. Хяналтын камерын ажиллагааг шалган туршиж баталгаажуулах ажлыг мэдээллийн технологи, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, ТЕГ-ын төлөөлөл оролцсон баг хариуцан гүйцэтгэж, энэ талаарх ажлын үр дүнгээ олон нийтэд тайлагнах хэрэгтэй юм. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль шиг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн хяналтын камерын үйл ажиллагааг зохицуулах тусгайлсан хууль батлах, түүнийг хэрэгжүүлэх замаар хүний халдашгүй байх эрхийг хамгаалах нь чухал.