Коронавирусийн улмаас Австралид саатаад байсан “Хү” хамтлагийнхан энэ сарын 3-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн. Тус хамтлагийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр ирсэн бөгөөд одоогоор “Энх саран” сувиллын газарт тусгаарлалтад буй. Тэд тусгаарлалтын 21 хоногоо дуусгаад цахим тоглолт зохион байгуулахаар болжээ. Эл тоглолтын үеэр хандивын аян өрнүүлэх бөгөөд Улсын онцгой комисст дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Тус хамтлагийн продюсер, Гавьяат жүжигчин Б.Дашдондог “Хандивын тоглолт хийх зөвшөөрлийг гэрээтэй компаниасаа авсан. Одоогоор цахим тоглолтыг хэрхэн зохион байгуулах талаар албаны хүмүүстэй ярилцаж байна. Тоглолтын товыг удахгүй зарлана” гэлээ.
Бэлтгэсэн: А.Хангай