Зураач Б.Батжинг “Урлан”-д урилаа. Тэрбээр бие даасан үзэсгэлэн-гээ “Into the colors” нэртэйгээр “Norphei” арт галерейд өнгөрсөн сард дэлгэсэн юм. Түүнтэй уран бүтээлийнх нь онцлог болон гаргахаар төлөвлөж буй дараагийн үзэсгэлэнгийнх нь талаар ярилцлаа.
-Бие даасан үзэсгэлэнгээ та “Into the colors” нэртэйгээр гаргалаа. Энэ удаагийн үзэсгэлэн- гийн онцлог юу байв?
-АНУ, ХБНГУ-д гаргаснаа оруулбал бие даасан долоо дахь үзэсгэлэн маань. Энэ удаагийн үзэсгэлэндээ өөрийн арга барилыг эвдэж, шинэлэг уран бүтээл туурвихыг оролдсоноо уран зураг сонирхогчдод харуулахыг хүслээ. Арга, техникээс гадна агуулга, сэдвийн хувьд ч өөрийгөө өөр өнцгөөс үзүүлэхийг оролдсон. Модерн, абстракт чиглэлээр зурсан чөлөөт, хийсвэр сэтгэлгээний бүтээлүүдээ багтаасан. Тэдгээртээ өнгөний зоригтой шийдлүүд ч ашиглалаа. Олон өнгөөр “тоглож”, уусгаж, тухайн үеийн сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн 20 гаруй бүтээл багтаасан. Үзэгчид мэдрэмжийг минь сэтгэл зүрхээрээ мэдэрч, таашаал аваасай гэж хүссэн юм. Өнгө хүчтэй мэдрэмж өгөхөөс гадна өөр өөрийн гэсэн утга илэрхийлдэг шүү дээ.
-Модерн, абстрактаас гадна уран зургийн ямар төрлөөр түлхүү туурвидаг вэ?
-Ямар нэг төрөл, чиглэлд баригдахгүй байхыг эрмэлздэг. Хүмүүс өөрийнхөөрөө ойлгож, тайлж уншихуйц хийсвэр сэтгэлгээний бүтээлүүд хэзээ ч дахин давтагдах боломжгүй цор ганц гэдгээрээ онцлог. Тиймээс өөрийн онцлог, дотоод мэдрэмжээ уран зургийн орчин үеийн төрлүүдээр илэрхийлэхээс гадна реалист чиглэлээр ч зурдаг. Түүхэн сэдэвт уран зураг ч зурах дуртай. Байгалийн зураг, хөрөг гээд бүх л төрлөөр зурдаг даа.
-Зураач нарын бүтээлдээ түлхүү ашигладаг өнгөөр арга барилаас гадна зан араншинг нь шин-жиж болох мэт санагддаг. Харин та “Into the colors” үзэсгэлэндээ тод өнгөөр “тоглож” өөрийгөө илэрхийлсэн. Ер нь таны бүтээлүүдэд ямар өнгө давамгайлдаг бол?
-Ямар ч зураач бүтээлдээ огт санамсаргүйгээр өнгө сонгодоггүй. Ямар нэг учир шалтгаантай болоод л тухайн өнгийг сонгосон байж таарна. Би өнгөлөг бүтээл туурвих дуртай. Будгаа зузаан, нимгэн тавих, урсгах, нялах, хэрхэн холихоос хамаараад маш гоё өнгийг хүмүүст үзүүлэх боломжтой шүү дээ. Түүнчлэн халуун, хүйтэн, хурц, зөөлөн өнгийг хослуулж ашиглах дуртай. Би бүтээлүүддээ цэнхэр, улаан өнгө түлхүү ашигладаг. Харин өнгө “хиртүүлэх” дургүй. Өөр өөр будаг хольж, гоё өнгө гаргах тохиолдол байхад заримдаа маш зохимжгүй болж хувирдаг. Тийм тохиолдлыг “хиртүүлэх” гэдэг.
-Таны аав, зураач С.Болдбаатарыг хүмүүс андахгүй. Анх зурж эхлэхэд аавын тань нөлөө байсан байж таарна.
-Мэдээж байлгүй яах вэ. Аав минь л нөлөөлсөн. Байнга л аавыгаа дагаж явдаг байлаа. Урланд нь өссөн гэхэд хилсдэхгүй. Тийм орчинд, холст, палитр, мольберт гээд зургийн хэрэгслээр тоглож өссөн учраас нөлөөлөхөөс аргагүй.
-Хүүхэд бүхэн багадаа зурдаг. Харин хэзээнээс зураач болъё гэж шийдсэн бэ?
-Би гурван настайгаасаа зурсан. Монголын хүүхдийн ордны зургийн дугуйланд суралцаж, энэ чиглэлээр лицей сургууль дүүргэн, дараа нь Дүрслэх урлагийн дээд сургуулийг О.Энхтайван багшийн удирдлагад төгссөн. Мөн АНУ-ын Миссуригийн үндэсний их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.
-Урлагийнхан хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэх тун дургүй байдаг юм билээ. Таныг зураач болохоор шийдэхэд аав тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Харин ч эсрэгээрээ. Аав намайг зураач болгох гэж шахсан юм шүү дээ. Би хоёр эгчтэй. Тэд өөр мэргэжил эзэмшсэн. Тиймээс аав “Ганц хүүгээ л зураач болгоно” гэдэг байв. Би өөрөө ч мэргэжилдээ дуртай.
-Аавтайгаа хамтарч үзэсгэлэн гаргасан бил үү?
-2017 онд аав бид хоёр “Өнгө зохицохуй” үзэсгэлэнг хамтран гаргасан.
-Таны уран бүтээлд зөвлөгөө, шүүмж хэлдэг үү?
-Би зургаа зурах явцдаа аавд харуулж, үгийг нь сонсох дуртай. Насаараа уран бүтээл туурвисан мэргэжлийн хүн хажууд байхад үнэтэй зөвлөгөө, шүүмжийг нь сонсолгүй яах вэ.
-Бүтээлийнхээ санааг хэрхэн олж, зохиомжоо яаж гаргадаг вэ?
-Эргэн тойрноосоо л олно. Зураач хүн бусдаас илүү ажигч, гярхай байх ёстой. Болсон зохиомжоо бодож, төлөвлөж, судалж байж бүтээл болгодог. Гэхдээ зарим тохиолдолд тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө зурахад санаанд оромгүй сонирхолтой бүтээл болох нь бий.
-Энэ нь онгодтой холбоотой юу. Ямар үед таны онгод хөглөгддөг вэ. Ямар орчинд зурах дуртай вэ?
-Аль болох тайван, тухтай орчинд, ганцаараа байж зурах дуртай даа. Бухимдсан үедээ огт зурдаггүй.
-Туурвисан бүтээл тань таны санаанд хүрэхгүй байх тохиолдол бий юү?
-Байлгүй яах вэ. Бодсон, төсөөлснөө илэрхийлж чадахгүй үе байдаг. Бас гоё болгох гэж янз бүрээр өөрчлөөд бүр баллачих тохиолдол бий. Эсвэл санаандгүйгээр бүр ч гоё болдог. Янз бүр дээ.
-Бүтээлээ эхлээд өчнөөн сар зурдаг хүн байхад хэдхэн хоногт дуусгачихдаг зураач бий. Та хэр хурдан гартай вэ?
-Нөхцөл байдал нь тааварлашгүй. Бүтээлийн цараа, хийцээс хамаарна л даа. Гэхдээ би дуусгаж байж л санаа амардаг зантай. Тэгэхээр хурдан гартай гэхэд болох юм.
-Шинэ санаа толгойд орж ирэхгүй гацах үе бас бий. Тийм тохиолдлоос хэрхэн зугтдаг вэ?
-Гацах, гараас бүтээл гарахгүй байх, хэтэрхий олон шинэ санаа төрж, түүндээ төөрч будилах үе ч байдаг. Тийм тохиолдолд хэсэг хугацаанд орхичихдог.
-Та АНУ-д хоёр, ХБНГУ-д нэг үзэсгэлэн гаргасан гэсэн. Гадаадын уран бүтээлч, уран зураг сонирхогчид таны бүтээлүүдийг хэрхэн үнэлсэн бэ?
-Санаандгүй тохиолдлоор АНУ-д үзэсгэлэнгээ гаргах боломж олдсон юм. Би тэнд сурч байхдаа хичээлийнхээ хажуугаар пицца хүргэх газарт жолоочоор ажилладаг байв. Нэг удаа доод давхартаа галерей, дээд давхрууд нь орон сууцын зориулалттай барилгад захиалга хүргэхээр очсон юм. Азаар тэр галерейн захирал захиалга өгсөн байж л дээ. Тэр үед зураач мэргэжилтэй, АНУ-д мэргэжил дээшлүүлж буйгаа хэлэхэд миний бүтээлүүдийг үзэхийг хүссэн. Үзээд, тус галерейд гаргах олон улсын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд оролцох боломж олгосон юм. Түүний дараа бие даасан үзэсгэлэн гаргах боломж бүрдсэн. АНУ-д орчин үеийн чиглэлийн бүтээлүүдийг сонирхогчид түлхүү таашаадаг. Тиймээс миний зургууд их таалагдсан. Улмаар дараа дараагийн үзэсгэлэнгээ гаргасан юм.
-Үнэлгээний хувьд манайх-тай харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай юу?
-Ялгаа бий. Тэндхийн зураач нарын дунд “1000 “ногоон”-оос доош үнэтэй зургийг бүтээл гэж үзэхгүй” гэсэн бичигдээгүй хууль, ам дамжсан яриа ч байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд манайд ч уран зургийн үнэлэмж нэлээд дээшилж байна. Урлагийн бүтээлүүдийг ойлгодог, уран бүтээлчдийн ур чадвар, хөдөлмөрийг үнэлдэг болсон.
-Үзэсгэлэн бүрт зураачийн чадвар ахихаас гадна бүтээлээ туурвих арга барил өөрчлөгдөж, агуулгын хүрээ тэлдэг байх. Дараагийн үзэсгэлэнгээ хэзээ гаргах вэ. Ямар төрөл, сэдвийн бүтээлүүдээ дэлгэх вэ?
-Монголын уран зургийн галерей хамтран ажиллах санал тавьж, ирэх арваннэгдүгээр сард томоохон үзэсгэлэн гаргахаар болсон. Тус үзэсгэлэнд дэлгэх бүтээлүүдийнхээ санаа, зохиомжийг гаргаж, заримыг нь зурж эхэлсэн. Би холимог техникийн янз бүрийн аргаар зурж, судалж, туршдаг. Үзэгчдэд “Энийг яаж, юугаар зурсан юм бол” гэж гайхуулмаар санагддаг. Ирэх үзэсгэлэндээ ч тэгж гайхшируулмаар байна.