“Хү” хамтлагийнхан Европ дахь аялан тоглолтоо өндөрлөөд эх орондоо ирэв. Тэд арав гаруй хоног амраад энэ сарын 29-нд Малайз улсын нийслэлд олон улсын хөгжмийн наадамд оролцсоноор Азийн тоглолтуудаа эхлүүлэх юм. Ирэх сарын 12-ноос Японы гурван хотод уухайлаад, Австрали, Шинэ Зеландыг зорино. Тэндээсээ Өмнөд Америкийг чиглэх бөлгөө. Тэнд гурван улсын рок хөгжим сонирхогчдыг “байлдан” дагуулаад, АНУ-д газардах хөтөлбөртэй. Тус улсын олон хотод урилгатай юм билээ. Зургадугаар сарын эхээр Польш улсын түүхэн Краков хотод саатсаны дараа буцаад Ирланд явна. Тэндээсээ Францыг зорино.
Дэлхийн хамтлаг “Хү”-гийн Европт хийсэн аялан тоглолтын үеэр тус тивийн томоохон сонин, сайтууд шүүмж нийтэлж байв. Их Британийн гол хэвлэлүүдийн нэг “The Telegraph” гэхэд “Монголын хүнд металл дайчдын туурайн төвөргөөнт ялалт” хэмээх гарчигтай шүүмж уншигчдадаа хүргэсэн. Түүнийг орчуулагч Г.Дэлгэрмаа монгол фэнүүдийнх нь хүртээл болгосон юм. Эш татъя. “Хү” бол Монголын хамгийн алдартай хөөмэйн түрлэгт, хүнд металл хамтлаг. Яг чухамдаа энэ төрлийн хөгжимд байгаагүй урсгал. Улаанбаатарын сонгодог, боловсролтой дөрвөл хөгжимчнөөс бүрдэх хамтлаг Дорнын үндэсний соёл, дуу хөгжмөө өрнийн хард рокийн нүдсэн бөмбөр, цахилгаан аянгатай хослуулан дуурьсгаснаар дэлхийн хөгжмийн тогтсон нутаг дэвсгэрийг дайлаар мордож, хага яран гарч ирлээ. Дүрс бичлэгт буйгаар тэдний аяллын зураглалуудад Монгол Улс шинжлэх ухааны зөгнөлт кинон дахь ертөнцийн төгсгөлийн талбар шиг үзэгдэх нь хэдэн живаа үзэгчийг соронз мэт татна. Анхны “Гэрэг” цомог нь Их Британийн дуу хөгжмийн жагсаалтад 21-т, рок металл хөгжмийнхөд хоёрдугаарт орсон нь тэд үнэхээр нийтийг хамарсан томоохон амжилтад хүрснийг нотолно. Элтон Жон хүртэл тэдний шүтэн бишрэгч гэдгээ тунхаглав. Бас тэд биднийг мэдээ ч үгүй суухад Эд Шерантай хослон дуулна.
Олон олон рок мангас доргиож байсан Камдений “Электрик” танхимд өтгөн утаа, хөдөлгөөнт гэрлийн дунд тэд үнэхээр сүрдэм харагдах аж. Товгор хээ, тоног унжлагат хар савхи, гөхөл боож, гөрж орхисон урт гэзэг бүхий төрх нь үхэхээс үл няцах, устгахаас эс буцах аянд гарсан хэрмэл дайчид мэт үзэгдэнэ” гэжээ.
Мөн тус улсын цахим мэдээллийн хамгийн том талбар “Индепендент” шүүмж нийтэлсэн бөгөөд гарчиг нь “Урьд өмнө үзэж харсантай харьцуулшгүй Монголын металл “Хү” хамтлаг”. Энд “Хү”, “Хү” хэмээн нүргэлсэн уухай Камдений “Электрик” танхимд аванхайлж, гавал бэлзэг, шивээсээр гоёсон зуу зуун нударга агаарт чичлэн давлагаална. Монголын металл “Хү” хамтлаг хотод дайлаар буужээ. 2016 он байгуулагдсан энэ хамтлаг өнгөрсөн жилийн онцгой үзэгдэл боллоо” гэсэн байх аж.
“Хү”-гийнхэн гэртээ ирлээ. Дараагийн уртын урт аянд нь алжаал гэж бүү байг.