“Анжелс” орчин үеийн, амьтангүй циркийн уран бүтээлчид олон улсад “Nomade du cirque de Mongolie” тоглолтоо үзүүлэхэд бэлэн болжээ. Монголын циркийн шилдэг үзүүлбэрүүдийг ҮУИТ-ын бүжигчид, дуучин, хөгжимчдийн тоглолтоор баяжуулсан, 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, бүрэн хэмжээний бие даасан хөтөлбөртэйгөөр аялан тоглолтод гарах аж. Уран бүтээлчид тоглолтын гараагаа энэ сарын 23-нд Парист эхлүүлэх бөгөөд ирэх оны хоёрдугаар сарын 11 хүртэлх хугацаанд Европын олонх орноор явах аж.
Орчин үеийн цирк, театр, бүжиг, хөгжим хосолсон цоо шинэ тоглолтын зарим үзүүлбэр өвөрмөц. Монгол Улсаа, түүх, соёл, урлагаа, тэр дундаа нүүдэлчин ард түмний амьдралыг таниулах зорилго бүхий таван ханатай гэрийг дөрвөн минутад тусгайлан бичүүлсэн хөгжимд угсрах нь өвөрмөц. Өмнө нь хийж байгаагүй найруулга. Таван хошуу малыг дуурайлгаж, чихмэлээр хийжээ. Саалийн хувин, сав, араг, савар, тогоо, шанага, шүүр зэргийг жонглёрын хэрэгсэл болгосон гээд циркийн урлагт монгол ахуй, соёлын элемент шигтгэсэн нь содон.
Тус циркийн найруулагч, энэхүү тоглолтын дарга Б.Оргилболд “Бидний тоглолтын ачаар Европт соёл, урлагийн маштом хаалга, зах зээл нээгдэх байх. Циркийнхэн ийм томоохон бүрэлдэхүүнээр явах гэж байгаа нь анх удаа болов уу. Монголын орчин үеийн циркийн нэр хүнд, чансаа манай оронд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлнэ гэж бодож байгаа. Учир нь дэлхий биднийг харна шүү дээ. Үнэнийг хэлэхэд ийм тоглолт хийх гэрээ байгуулж чадсандаа баяртай байна. Баг бүрдүүлэх, бэлтгэл ажлын хүрээнд шинэ хувцас, хөгжим хийж, тал талдаа бэлтгэл сайхан хангаж байна” гэлээ.
Тэрбээр Франц улсад дэлхийн шилдэг, олон улсын орчин үеийн циркийн урлагийн төв их сургууль төгссөн, орчин үеийн урлагийн найруулагч, жүжигчин ажээ.