Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-аас ирсэн манай улсын хоёр иргэн байлдааны зориулалттай галт зэвсэг нэвтрүүлэхийг завдсаныг хилчид илрүүллээ. Иргэн Ч, А нар 88-88 УН улсын дугаартай гурван дугуйт мотоцикл хөлөглөн энэ сарын 8-ны 19.25 цагт хил нэвтрэхэд нь тээврийн хэрэгслийн үзлэг хийсэн байна. Гэтэл тэд 7.62 мм-ийн “АК-103” маркийн байлдааны буу, ОХУ-ын “Ф-1” болон Испанид үйлдвэрлэсэн “Denix” загварын гар бөмбөг (гранат) тус бүр нэг, 7.62 мм-ийн 89 ширхэг сумны хамт тээшиндээ нууж явжээ. Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Б.Болор-Эрдэнэ энэ үйлдлийг илрүүлж, ТЕГ-ын харьяа Хилийн тагнуулын тасагт шилжүүлээд буй аж. Сонор сэрэмж, мэргэжлийн ур чадвар гарган хилийн зөрчил илрүүлсэн дэд ахлагч Б.Болор-Эрдэнийг ХХЕГ-ын даргын тушаалаар Монгол Улсын “Онц хилчин” цол, тэмдгээр шагнажээ.
Бэлтгэсэн: Г.Орчлон