Хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх болсонтой холбоотой зарим зүйлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Б.Номин-Эрдэнээс тодрууллаа.
-Баавгай суурьшлын бүсэд орж ирж, иргэдэд аюул учруулах боллоо. Уг амьтан гурав хоногийн өмнө Дорнод аймагт малчны хот руу дайрчээ. Ямар арга хэмжээ авч байна вэ?
-Баавгай айлын мал барьсан, харин иргэдэд аюул учруулаагүй. Тухайн малчин баавгайг буудсан юм билээ. Амьтны тухай хуулиар бол хүний амь, эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц тохиолдол үүсээгүй байхад ховор амьтан агнасан этгээдэд хариуцлага хүлээлгэх заалттай. Орон нутгийн цагдаагийн байгууллагынхан энэ хэргийг шалгаж байна. Өнгөрсөн сарын 4-нд Хэнтий, Сэлэнгэ, дараа нь Төв, Дорнод аймгийнхнаас “Баавгай суурьшлын бүсэд орж ирэх боллоо” гэсэн мэдээлэл өгсөн. Тухайн үед яамнаас баавгай орж ирж болзошгүй газарт нутагласан айлуудад сэрэмжлүүлэг хүргэж, хүний амь насанд аюул учруулсан тохиолдолд буудаж болно гэсэн зөвлөмж хүргүүлсэн. Хүрэн баавгай холимог тэжээлтэй. Зуны сүүлч, намрын эхэн сард самар, жимсээр хооллодог. Зарим үед амьтны сэг зэм иддэг. Зөвхөн хэт өлссөн үедээ л зэрлэг гахай, бор гөрөөсөөр хооллодог. Идэш тэжээл нь хомсодсон учраас л айлын хот руу дайрсан гэж үзэж байгаа. Түүнээс гадна айлууд уг амьтны тархац нутагт хэт ойр амьдрах болсонтой ч холбоотой. Уг нь яамнаас тухайн айлуудад нүүх шаардлага тавьсан ч хүлээж аваагүй. Тиймээс сайдын албан даалгаврын дагуу албадан нүүлгэж, эсвэл олноор нь нэг газарт буулгаж байна.
-Манай оронд хэдэн хүрэн баавгай байгаа вэ. Ховор амьтан учраас алахгүй, унтуулах ёстой гэж мэргэжлийн хүмүүс байр сууриа илэрхийлсэн.
-3-5 жилийн өмнөх судалгаагаар манайд 500 орчим хүрэн баавгай бий гэсэн дүн гарсан. Хэнтий, Дорнод, Төв, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгийн нутагт тархсан хүрэн баавгай нь “Улаан ном”, “Улаан данс”, Зэрлэг амьтан хамгаалах олон улсын конвенцын хавсралтад орсон ховор амьтан. Тиймээс мэргэжлийн байгууллагынхны тусламжтайгаар унтуулаад, байгальд нь тавих ёстой. Гэтэл манай улсад оруулж ирж байгаа нойрсуулах бодис баавгай унтуулах хэмжээний өндөр тунтай биш. Тиймээс одоогоор уг аргыг хэрэглээгүй, Мал эмнэлгийн болон Гаалийн ерөнхий газарт хандан, өндөр тунтай нойрсуулагч бодис оруулж ирэх хүсэлт тавьсан.
Бэлтгэсэн: М.Оч