Төв аймгийн Баянхангай сумаас Заамар сум орох шороон зам дээр /Баянхангай сумаас баруун зүгт 1 километр, аймгийн төвөөс 153 км/-т Цээл сумын Талын хайрхан багийн иргэн Б /26 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Аксент” загварын суудлын автомашин, “Прадо” загварын автомашинтай мөргөлджээ. Энэ үеэр автомашины бүхээгний төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдрийн 15.30 цагт ирсэн байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай 154 километр зам туулан 18:20 цагт очиж 30 минут ажиллан иргэн Б /26 настай, эрэгтэй/, иргэн Э /26 настай, эмэгтэй/, иргэн Э /2 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байдалтай байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Мөн 4 настай хүүхэд цуг явж байгаад осолд орсон, бэртэж гэмтээгүй байдалтай Баянхангай сумын эмнэлэгт хүлээлгэж өгсөн байна.