УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн нарын гишүүд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөрсөн баасан гарагт өргөн барилаа. Энэ жил малын хулгайн гэмт хэрэг өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдсэн нь малчдад төдийгүй улс орны эдийн засагт хохирол учруулж буй аж.
24-өөс доош тооны бог хулгайлсан тохиолдолд нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулахаар тусгажээ
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялын хэмжээг бууруулснаас энэ төрлийн гэмт хэрэг ихэссэн гэж дээрх гишүүд үзжээ.
Эрүүгийн хуулийн 17.12-т “Наймаас их бод, 24-өөс дээш тоогоор бог мал хулгайлбал хүндрүүлэх нөхцөлд тооцож, хорих ял, бусад тохиолдолд хорихоос өөр төрлийн ял ногдуулна” гэж заасан байдаг аж. Наймаас бага бод, 24-өөс доош тооны бог хулгайлсан тохиолдолд нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулахаар тусгажээ. Үүнийг гэмт этгээдэд ял завших боломж олгосон, хийдэл зөрчилтэй, хууль зүйн техник, утга найруулгын алдаатай зохицуулалт гэдгийг холбогдох албаныхан тогтоосон байна. Ихэнх тохиолдолд шүүгч нар хохирлын хэмжээ их биш, хүндрүүлэх нөхцөлгүй хэмээн үзэж, нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх, эсвэл зорчих эрхийг нь хязгаарлах, торгох ял ногдуулдаг аж. Тиймээс бусдын малыг хулгайлсан этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэхийн оронд эрүүгийн хариуцлага ногдуулахаар нэмэлт, өөрчөлт оруулах саналд тусгажээ.
Мөн Зөрчлийн тухай хуульд “Бусдын мал хулгайлсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 240-250 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тухайн иргэнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 7-30 хүртэл хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” зэрэг зүйлийг нэмэхээр дээрх төсөлд оруулжээ.