Хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон. Түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тэгвэл шүүх хурлыг дахин хойшлууллаа. Тухайлбал, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны аравдугаар сарын 3-ны өдрийн 08:30 минутад зарлагдсан шүүх хуралдаан дуусаагүй байгаа учир шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг, мөн өмгөөлөгч Ж.Наранбаяр нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй учир шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг, эмнэлгийн магадлалын хамт ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Гантулга нь өмгөөлөгч Г.Батбаяраас татгалзаж, шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр нарын хамт оролцох тухай хүсэлт гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Д.Гантулгыг өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авах эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2019 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 09.30 цагт хийхээр товыг тогтоов.
Харин шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтжээ.