Цагдаагийн байгууллага нь 2019 оны эхний 9 сарын байдлаар 449.299 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ. Энэ нь сард 49.922, хоногт 1.664, цагт 139 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэсэн үг юм.
Энэ хугацаанд улсын хэмжээнд 26.314 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 17.564 буюу 66.7 хувь нь Улаанбаатар хотод, 8692 буюу 33.1 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Гэмт хэргийн гаралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт гэмт хэрэг 2.236 буюу 7.8 хувиар, Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэрэг 2.961 буюу 14.4 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /хулгайлах, дээрэмдэх гэх мэт/ 15.818, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 6.323 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 11.6 хувиар, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 12.8 хувиар тус тус буурчээ. Дээрх 2 бүлгийн гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн 84.6 хувийг эзэлж байна.
Энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн 11.9 хувь нь согтуугаар, 3.0 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 2.7 хувь нь хүүхэд оролцож үйлдсэн бол 74.4 хувь нь ажлын өдрүүдэд, 30.2 хувь нь шөнийн цагаар, 31.2 хувь нь гэр орон сууцанд, 19.3 хувь нь гудамж талбайд үйлдэгджээ. Гэмт хэргийн улмаас 1327 хүүхэд хохирсон бол 906 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.
Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 35.4 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 6.4 хувиар өссөн байна.
Энэ хугацаанд 25555 иргэн гэмт хэргийн улмаас хохирсноос 823 хүн нас барж, 6615 хүн гэмтсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал, нас барсан хүн 95 буюу 13.0 хувиар өсч, гэмтсэн хүн 141 буюу 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд 225178.1 сая төгрөгийн хохирол учирснаас 32326.3 сая төгрөг буюу 14.4 хувийг нөхөн төлүүлж, 5007.8 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна.
Нийт 1.517.506 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 314.145 буюу 26.1 хувиар, 1.511.000 зөрчлийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 316.826 буюу 26.5 хувиар тус тус өсөж нийт зөрчлийн 92.7 хувь нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих” зөрчил эзэлж байна. Мөн энэ хугацаанд 78316 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 16908 буюу 27.5 хувиар өсөж эрүүлжүүлэгдсэн хүний 56092 буюу 71.6 хувь нь Улаанбаатар хотод, 22224 буюу 28.4 хувь нь орон нутагт эрүүлжүүлэгдсэн байна.